Л.Оюун-Эрдэнийн улс төрийн тоолуур гүйж эхэллээ. Засгийн газрын анхны хуралдаанаар гадаадаас иргэдээ татан авах ажиллагаанд анхаарлаа хандуулахаа мэдэгдсэн тэрбээр шинэ 7 хоногийн ажлын эхний өдрөө Онцгой байдлын газарт хөл тавив.
Дарга ирэхээр сандралддаг байдал давтагдаж, олноороо бөөгнөрөн угтсан Шуурхай штабынхныг халдвар хамгааллын дэглэм баримталсангүй хэмээн гүйцэтгэх засаглалын тэргүүн зандраад авсан.
Хатуу ширүүн өнгө, эрс шийдмэг царай гаргахыг хичээх Л.Оюун-Эрдэнэ өөрийн эрхгүй У.Хүрэлсүхийг санагдуулна.
Гэхдээ түүний үг бүрт өмнөх Засгийг буруушаасан, алба хашиж байсан нөхдийг “зүхсэн” өнгө цухалзсаар байлаа. Тухайлбал, “Шат шатандаа шахаа явагддаг, халдвар хамгааллын дэглэм мөрдөгддөггүй. Хоорондын уялдаа холбоогүй, хүссэн нь камерийн өмнө ярилцлага өгч, тоон мэдээллүүд нь зөрж, олон нийтийг төөрөгдүүлдэг. Сав л хийвэл хөл хорио тогтоож, үр дүнг тооцохоосоо илүүтэй амиа хоохойлох шийдвэр гаргадаг, буруугаа бусад руу нялзаадаг байсан алдаа дутагдлыг давтахгүй” хэмээн намын даргынхаа тэргүүлж байсан Засгийн газрын алдааг цөөн үгээр багцалчихав.
Энэ нь У.Хүрэлсүхийг хормойдон чуулганы индрээс үг хэлж зогссон Ерөнхийлөгч Х.Баттулгын үгийн үргэлжлэл шиг сонсогдож байлаа.
Үгэн дотор үг явж, хотын дарга руу чиглэсэн буруутгал ч байв. “Засгийн газар, УОК шийдвэр гаргахад нийслэлийн удирдлага өөр зүйл ярьдаг, хийдэг. Автомашины хөдөлгөөнийг хориглож нийтийн тээвэрт иргэдээ бөөгнөрүүлнэ. Барааны лангуу ажиллуулахгүй хэрнээ хүнсний худалдааг хяналтгүй, нээлттэй орхисон нь үр дүнгүй, ямар ч ялгаагүй шийдвэр” байсан хэмээн хотын удирдлагын үйлдэл, шийдвэр бүхэн бүтэлгүй байсан хэмээн хатуухан донгодоод, шат шатанд нь хариуцлага тооцно гэсэн нь Д.Сумъяабазарыг жихүүцүүлээд авсан байх.
Гэхдээ Л.Оюун-Эрдэнэд хотын даргыг буулгах хугацаа бий эсэх эргэлзээтэй. Шинэ үеийн төлөөлөл гэх том тодотголтой түүний Засгийн газрыг уртдаа 10 сарын настай гэж байгаа.
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа намд дахин хөдөлгөөн орж гуравдугаар ээлж хоолондоо орно. Хоол болтол шийр зугаа гэж Л.Оюун-Эрдэнийн Засгийг тохуурхаж байгаа ч намын дотоодод өчигдрөөс өөр өнгө аяс сэвэлзээд эхэлжээ.
Намын дарга нь Ерөнхий сайд уу, эсвэл Ерөнхий сайд нь намын дарга уу гэх асуулт ойрын өдрүүдийн халуун сэдэв байх нь бололтой. Эрийг бүү бас, далайг бүү янд гэж. Эмээл хазаартай морийг эрх баригч намтай юутай нь цээжиндээ багтаачихсан яваа Л.Оюу-Эрдэнэ МАН-ын 100 жилийн ойн өдөр намын даргын тамгыг авах ерөнхий зураглалаа гаргачихаж.
Харин сул гишүүн болсноо тунхаглаад байгаа У.Хүрэлсүх 100 насны төрсөн өдөрт хэлэх илтгэлээ бэлтгээд завгүй. Хажуугаар нь намын даргын хослолоо тайлчихвал нүцгэн ноён болчих гээд нойргүй хонох.
Ялалтаа өөрийг нь итгэж түшиж, дэмнэж ирсэн нөхөдтэйгээ хуваалцалгүй өөр бусад фракцийнхны гоё үгэнд хууртан, аль амттайг айлын залуустай идэлцэж ирсэн тул түүний нам доторх итгэн дагагчид эрс цөөрчихсөн. Тиймээс 5 дугаар сар хүртэл энэ намын тамгыг хадгалах нь түүнд юу юунаас илүү чухал байгаа.
Гэхдээ нэг зарц хоёр эзэнд үйлчилдэггүйг тэрбээр мэдэх биз. Ялангуяа шим сүү нь татарсан урагшгүй ноёнд хэдий хүртэл хэн ирж зүтгэх билээ.