Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 14495 хүнд шинжилгээ хийснээс 32 хүний сорьцод коронавирус илэрчээ.
Тэр дунд Интермед эмнэлэгт сайн дураар шинжилгээ хийлгэхээр ирсэн дөрвөн хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн нь тахал нийтийн дунд хэдийнэ тархаж, хяналтгүй болсныг илтгэж байна.
Тэдний нэг нь өчигдөр шөнө Интермед эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ирж үзүүлэхдээ коронавирусийн халдвар авсан нь батлагдсан гэнэ. Тус иргэн халдвар аваад гэртээ нэлээд удсан бөгөөд ирэхдээ биеийн байдал хүнд байсан төдийгүй одоогоор ХӨСҮТ-д амьсгалын аппаратад маш муу байгаа аж.
Түүнчлэн Дорноговь аймагт замын ажил хийхээр очсон хүмүүсээс нэг иргэний түргэвчилсэн шинжилгээ эерэг гарсан тул сорьцыг Улаанбаатар руу авчирч байна.
Мөн банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг хүнээс халдвар илэрч, тухайн иргэний гэр бүлийн хавьтал нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асрамжийн газар ажилладаг байсан аж. Улмаар нийт найман хүүхэд багш ажилчдаас шинжилгээ авахад хоёр хүүхэд, нэг багшаас халдвар илэрчээ.
Иймээс асрамжийн газрын халдвар илрээгүй бусад хүүхдийг багштай нь хамт тусгаарлах байранд хүргэн тандаж байгаа аж.
Нийслэлд Х апартмент, Микс пицца, Наркологийн төв эмнэлгээс үүдэлтэй халдварын тархалт идэвхжил өндөр байгаагаас гадна хүн амын дунд хийсэн шинжилгээнээс коронавирус илэрсээр байгаа тул иргэдийг шаардлагагүй бол гадуур гарахгүй, олон хүнтэй газраар явахгүй байхыг анхааруулж байна.