Н.Багабанди Оюутолгойн ТУЗ-өөс өөрөө явах бэлтгэлээ базааж, Т.Аюурсайханд зам мөрийг нь засаж өглөө.
2014 онд “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Монгол Улсын Засгийн газрын хариуцлагагүй байдал хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаатай харшилж байна гэх мэдэгдэл хийсний дараахан Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулж байв. Улмаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг гүйцэтгэх засаглалыг тэргүүлж, Дубайн гэрээг үзэглэсэн. Өдгөө тэрбээр шалгагдаж байгаа нэртэй хилийн цаанаас захидал илгээсэн шигээ суугаа.
Энэ удаад ч Оюутолгойн гэрээний асуудал хурцаар тавигдаж, талууд хэлэлцээрийн ширээний ард хэд хэдэн удаа суусан. Рио Тинто компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмд УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Оюутолгой төслийн Монгол Улсад ногдох үр ашгийг нэмэгдүүлэх, уг төслийн өмнө байгуулсан гэрээнүүдийг засаж сайжруулах тодорхой саналыг Засгийн газрын ажлын хэсгээс гаргаж зохих яриа хэлэлцээг эхлүүлсэн. Гэсэн ч Австрали дахь Рио Тинто компанийн төмрийн хүдрийн уурхайг өргөтгөх явцад 46.000 жилийн түүхтэй соёлын өвийг сүйтгэсэн үйл явдалтай холбоотойгоор талуудын яриа хэлэлцээ зогсонги байдалд орсон.
Тухайн үед буюу оны өмнөхөн Оюутолгойн гэрээг сайжруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ Дубайн гэрээ буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах зайлшгүй шаардлагатай байгааг Рио Тинто компанид мэдэгдсэн юм.
Хэрэг явдлаас улбаатай асуудал нэлээд ээдрээтэй болсныг Ерөнхийлөгчийн удаа дараагийн мэдэгдлээс харж болно. Тэрбээр У.Хүрэлсүхийг огцрох үеэр “Оюутолгой төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль, хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн бөгөөд гол холбогдогч нь С.Батболд гэдгийг хаана хаанаа тогтоогоод эхэлсэн. Энэ учраас тэр Монголын төрийг хямрааж, Монголын ард түмний сонголтыг нухчин дарах ажиллагааг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлээд эхэллээ” гэсэн юм. Хэт улстөржсөн өнгө аястай ч худал агуулга байгаагүй хэмээн олон нийт үзэж байгаа. Юутай ч өмнөх жишгээр Засгийн газрын гал тогооны ахлах “ерөнхий” тамгыг гартаа атгаад суурин дээрээ үлдлээ.
Одоогийн байдлаар Монгол Улсын Засгийн газар Рио тинто компанитай татварын асуудлаар Арбитр дээр шүүхдэлцэж байгаа. Учир нь 2018 онд Монгол Улсын Засгийн газар Оюутолгойд 350 тэрбум төгрөгийн татварын акт тогтоосон. Акт тогтоосон шалтгаан нь 2019, 2020 онуудад давтагдсан тул нэмж 650 тэрбум төгрөгийн акт тогтоосныг Рио Тинто эсэргүүцэж, Арбитрын шүүхэд хандсан. Тиймээс ирэх хоёрдугаар сарын 21-нээс өмнө Монгол улсын Засгийн газар татварын акт нийт 1 их наяд тогтоосон үндэслэлээ шүүх рүү явуулах учиртай. Үүнээс урьтаж У.Хүрэлсүх тахимаа өгөөд танхимаа огцруулаад явсан нь үнэн.
Харин одоо Н.Багабанди арьсаа хамгаалахаар асуудлыг дэвэргэж эхэллээ. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох хуралдааны үеэр Т.Аюурсайхан “Оюутолгойн гэрээ авлигын үндсэн дээр байгуулагдсан нь улам тодорхой болж байна. Авлигаа хувьцаагаар, катринг кэмпийн үйлчилгээний 64 тэрбумын ашгаар, шатахууны борлуулалтын 418 тэрбумын орлого олох боломжоор, үл хөдлөх хөрөнгө зэргээр авлига авсан нөхцөл үүссэн гэх үндэслэлтэй. Зарим нь шүүх дээр тогтоогдож байна. Тийм учраас энэ гэрээг Монгол Улсын эрх ашигт нийцүүлж чадахгүй юм бол цуцлах шаардлагатай. Улс, ард түмэн нь ийм хохирол амсаад байхад төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүн Оюутолгойгоос ашиг, орлого олоод явж байж таарахгүй. Нэг бус удаа шаардлага тавьж байгаа. Оюутолгойн ТУЗ-өөс Н.Багабанди гуайг нэн даруй гаргах шаардлагатай. Энэ олон жил ашиг хүртээд огт дуугүй явсан. Хэрэг эрхлэх газрын даргыг дарамтлаад үлдээд байна гэдэг мэдээллийг хэвлэлээс авч байсан. Одоо Улсын Ерөнхий сайдыг дарамталж чадахгүй байлгүй. Энэ тал дээр парламентаас бүх талаараа хамтарч ажиллана” гэсэн.
Т.Аюурсайхан ийнхүү Оюутолгойн ТУЗ-өөс Н.Багабандийг гаргая хэмээн гэнэт шаардаж эхэлсэн нь олны анхаарлыг эрхгүй татаж байна. Улс төрд оруулж ирсэн хүн нь биш ч туслахаараа ажиллуулж, дараа дараагийн албан тушаалд очиход дэм үзүүлсэн хүн нь Н.Багабанди гэдгийг тэрбээр хэллээ. Өнгөрсөн хугацаанд Т.Аюурсайхан энэ тухай хөндөж болох байсан ч дуугараагүй. Шударга ёсны тэмцлийнхээ өрнөл үеэр ч Н.Багабандийг дурсаж байсангүй. Тийн атал яагаад яг энэ цаг үед Н.Багабандийг ТУЗ-өөс гаргах шаардлага яагаад үүсэв.
Оюутолгойн гэрээг тойрсон авлига, албан тушаалын гэмт хэрэг улам ил болно. Сонгуулийн дуулиан энэ тойронд өрнөх нь ч тодорхой боллоо. Тиймээс титэм үг тэрлэгч хэн нэгнээр хөөгдсөн болж “хэргийн газар”-аас зугтах гээ юү.
Уг нь тэрбээр сайн дураараа ажлаа өгөөд явах боломжтой. Гэвч төдийгөөс өдий хүртэл яваагүй байсан хүн гэнэт энэ цагт явах нь хардлагыг дэвэргэнэ. Нөгөөтэйгүүр, цаад талынхны өмнө тайлбар хийж, амиа хоохойлох шаардлага үүснэ. Нэгэнт улс төрийн карьер нь дуусч, илүү удвал “аавын хаалга” ч татаж мэдэхээр байгаа түүний хувьд Т.Аюурсайханд шударга, шулуун гэх имижээ тодотгох боломж олгож бас нэг жүжгийн дүрд тоглож эхлэв бололтой.
Х.Баттулгын үг У.Хүрэлсүхийн драмд дэм болсон шиг С.Ганбаатарын өлсгөлөн Н.Багабандид далим болж байгаа юм биш байгаа. Хэрэв тийм бол тэрбээр тун удахгүй хил давж, хаа нэгтээгээс Ч.Сайханбилэг шиг сайн сайхныг хүссэн захидал тэрлээд суудаг нэгэн болно бий вий.