Боксын холбоо бужигнаантай байна

Сэтгүүлч: Намсрайн САРАНЧИМЭГ

Олимпоос медаль авч байсан уламжлалтай, цаашид ч медалийн буухиаг алгасалгүй өртөөлөх өндөр магадлалтай чөлөөт бөх, бокс, жүдо бөх, буудлагын төрлүүдээ монголчууд ТОП-4 гэж нэрлэдэг. Монголын спортын ТОП-4 төрлийн нэг бол яах аргагүй бокс. Гэтэл Монголын боксын холбоо /МБХ/ өнөөдөр удирдлагагүй болчихсон, боксчид нь хуваагдмал байдалд орчихсон байна.  Боксчдынхоо өмнө хариуцлага хүлээх үүрэг хүлээсэн хүмүүс нь МБХ-ны Удирдах зөвлөлийн хурлыг 2021.01.28-ний өдөр буюу маргааш хуралдуулахаар болсон тухайгаа мэдэгдсэн. Харин үүнтэй холбогдуулж, Түр зөвлөлийн гишүүд болох нэр бүхий 9 боксчин ““ТОКИО-2020” зуны XXXII дугаар олимпийн наадам хаяанд ирээд байхад Удирдах зөвлөлийн хурлыг яаран хуралдуулж, холбооны Ерөнхийлөгчийг хууль бусаар томилох гэж байгаад Монголын боксын спортын үе үеийн тамирчид, дасгалжуулагчид, гишүүд бид гүнээ харамсаж байна.

МБХ-ны дүрмийн 5.10-т зааснаар Ерөнхийлөгчийн түр эзгүйд бүрэн эрхийг нь ерөнхий нарийн бичгийн дарга хэрэгжүүлнэ хэмээн тодорхой заасан тул “Тэргүүн дэд ерөнхийлөгч” Э.Бадар-Ууган нь холбооны Ерөнхийлөгчийг орлох эрхгүй юм” гэсэн мэдэгдлийг гаргасан. Түр зөвлөлийн гишүүдийн мэдэгдэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүрсэн учраас илүүг дурдалгүйгээр, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хоёр талын байр суурийг хүргэж байна.

Барселоны олимпийн хүрэл медальт, МУГТ Н.Баярсайхан: Хууль ёсны хурлаа хийгээд Ерөнхийлөгчөө сонгоод, мөрийн хөтөлбөрөө гаргаад явах хэрэгтэй гэсэн байр сууринаас асуудалд хандаж байгаа

– Спортын холбоодын хагарал танайхыг тойрохгүй нь бололтой. МБХ өнөөдөр ямар байдалтай байна вэ?

– Манайх чинь харьцангуй эв нэгдэлтэй холбооны нэг  шүү. Сүүлийн үед л жаахан асуудал үүсээд байна. Тухайлбал, Холбооны хурлаа хоёр жилд нэг удаа хийх ёстой. Гэтэл 2017 оноос хойш хийсэнгүй өдий хүрлээ. Хамгийн ихээр сэтгэл зовоож байгаа зүйл нь шинэ залуу тамирчид ур чадвар муу байна, уралдаан тэмцээнд амжилт гаргах нь багасч байна. Тэгэхээр залгамж халаа залуу тамирчдаа анхаарахгүй байна гэсэн үг. Тив, дэлхий, олимпоос медаль авах хэмжээний тамирчид ховорхон байна. Нэг сайн тамирчин гарч ирээд 5-10 жил ноёрхлоо гэхэд түүнтэй хамт бэлтгэл хийдэг, ур чадвараар эн тэнцүүхэн хэд хэдэн бэлтгэл хангагч байдаг. Тийм залгамж үгүй боллоо. Энэ бүхэнд миний хувьд их эмзэглэдэг. МБХ-ны Ерөнхийлөгч байсан “Ажнай” компанийн захирал Д.Бат-Эрдэнийн хувьд өнгөрсөн жил УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа хуулийн дагуу холбооны ажлаа өгсөн. Тэрбээр Монголын боксын төлөө маш ихийг хийснийг хүн бүхэн мэдэх байх. Харин доод шатандаа буюу МБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар удирдуулсан аппаратынхан хариуцлагагүй ажилласан гэж би хувьдаа үзэж байгаа.

-Олимп хаяанд тулсан ийм цаг үед танай холбоо Ерөнхийлөгчгүй, УШБ нь ахлах дасгалжуулагчгүй болчихоод байна. Олимпийн медальтны хувьд Таны эмзэглэл юу байна вэ?

-Бага хурлыг хийе гэж МБХ-ноос зарлах ёстой байтал боксчид санаачлагаараа эвлэлдэн нэгдээд өнгөрсөн онд хурлаа хийсэн. Тэр хурлаас намайг Зохион байгуулах комиссын есөн гишүүний нэгээр сонгосон юм. Олимп тулаад ирчихсэн цаг үед ийм байдалтай байгааг харсан ч тэр, ТББ-ын дүрмээ үзсэн ч тэр МБХ үнэндээ дампуурчихаад байна. Тийм болохоор бүгдээрээ нийлж хууль ёсны хурлаа хийгээд Ерөнхийлөгчөө сонгоод, мөрийн хөтөлбөрөө гаргаад явах хэрэгтэй гэсэн байр сууринаас асуудалд хандаж байгаа юм. Түүнээс биш, Н.Баярсайхан тэнд очиж дарга болох гээгүй. Үзэл бодлоороо нэгдсэн үе үеийн боксчдод өдий хүртэл зүтгэсэн боксын спортоо босгож авах гэсэн чин хүсэл л байна.

МБХ-ны Удирдах зөвлөлийн хурлыг нэгдүгээр сарын 28-ны өдөр хуралдуулах тов гарчээ. Энэ тухайд…?

-Үнэнийг хэлэхэд МБХ дүрмээрээ байхгүй болчихоод байгаа юм. Одоо Ерөнхийлөгч байхгүй, тэргүүн дэд Ерөнхийлөгч байхгүй, нарийн бичиг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө МБХ байхгүй болчихсон гэсэн үг. Тэгэхээр боксчид бүгдээрээ эвлэлдэн нэгдэж байгаад дундаасааа Ерөнхийлөгчөө сонгох асуудал гарч ирж байгаа юм.

-МБХ-ны Ерөнхий нарйн бичгийн дарга Ц.Батнасантай уулзаж энэ асуудлаа ярилцсан уу?

-Бид нэг удаа уулзсан. Хурлаа хийе гэдэг дээр санал нэгдээд байж байтал цар тахлын хөл хорио эхэлсэн. Ингээд л өнөөдрийг хүрчихээд байна. Харин Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Бадар-Ууганы хувьд МБХ-ны Ерөнхийлөгчийг орлох эрхгүй. Хууль дүрмээрээ бол Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан л орлох эрхтэй.

Дасгалжуулагч, ОУХМ С.Эрдэнэбат: Аль хэдийнэ дотроо шийдэх асуудал байсан

-Олимпийн найдлага гэж харж, хүндэлж явсан боксчныг яагаад нүцгэн шалдан явтал нь гэмтэлд хүргэчихвээ. “Дасгалжуулагчдаа зодуулсны улмаас толгойдоо гэмтэл аваад, өвчнөө дарах гэж хүчтэй эм ууснаас боллоо” гэсэн тайлбар хийсэн байсан?

-Энэ асуудал бол яг боксын хамт олон дотроо шийдэх асуудал байсан юм. Ийм үйлдэл гарахаас бүр өмнө, тухайлбал, цугларалтад гарсныхаа дараа байрнаасаа гарч яваад машин тэргэнд мөргүүлж том асуудал үүсгэсэн тэр үед нь шийдвэрлэх хэрэгтэй байсан юм. Намайг шигшээ багт тоглож байсан тэр үед буюу 1990 оны үед цугларалтад гарсан үедээ би архи дарс уусан бол аль хэдийнэ шигшээгээс хөөгдөөд, гэртээ харьчихсан, бүр дээр нь аавдаа мөчөө хуга цохиулчихсан байх байсан. Хоёр гурван удаа бэлтгэлийн үеэр гаргаж байгаа авирыг нь хараад би дотроо “За тэгж байгаад чихийг нь нэг мушгия” гэж бодож байсан. Тэр үед би Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч байсан болохоор тэр бүр тулж ажиллах боломж олдоогүй юм. Шигшээ багийнх нь дасгалжуулагчдад бол зөндөө хэлсэн. Залуу хүнд алдаа оноо байлгүй яахав. Гэхдээ хариуцаж байгаа хүмүүс нь хүмүүжүүлж чадаагүй хэрэг. Дасгалжуулагч хүн сайн зодолдуулахаас илүүтэй хувь хүний хүмүүжилд анхаарах ёстой. Нүцгэн шалдан явсан бичлэгийг нь харсан. Гэхдээ надаас болж ингээгүйг Монголын ард түмэн мэдэж байгаа байх. Би тэр хүнд гар хүрээгүй. Хэлэх үгээ бол хэлсэн. “Чи согтуу байна. Шөнийн 12 цаг болж байна. Одоо унтаж амар” гэж хэлсний төлөө асуудал боссон. Дарханы цагдаагийнхан шуурхай ажиллаж, шударга үнэнийг тогтоосонд баярлаж байгаа.  

-Та зодсон юм биш үү?

-Юу гэж зодох вэ дээ. Харин багш дасгалжуулагч хүний хувьд хэлэх үгээ л хэлсэн. Тэр тайлбарыг хараад өөрийнх нь хийсэн зүйл биш байх гэж би бодсон. Би Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчийн хувьд нууцаар хурал зөвлөгөөн хийхээр нь орж очоод “Та нар болиоч ээ. Асуудлыг ил тодоор шийдээч. Эмх цэгцтэй байя, замбараатай байгаач” гэж хэлдэг шаарддаг байсан болохоор энэ багийнхан надад дургүй. Тийм болохоор цаанаас нь л тийм зүйл яриулсан байх гэж би бодож байгаа.

Дасгалжуулагч, спортын мастер Л.Энхбаатар: Хууль дүрмээрээ үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй

-Танай холбоонд юу нь болохоо байчихаад байна вэ?

-Холбооныхоо хууль дүрмээр явахгүй байгаагаас л ийм асуудал үүсээд байгаа юм. МБХ-ны үйл ажиллагааг хянадаг хяналтын байгууллага алга. Тийм болохоор замбараагүй байдал үүсэхэд нөлөөлж байгаа хэрэг. Цаашид холбооныхоо дүрмийг хэрэгжүүлж, хууль ёсоо дагая л гэж байгаа хэрэг шүү дээ. Хариуцлагагүй байдлаа халж, холбоогоо засч залруулаад, Ерөнхийлөгчөө сонгоод үйл ажиллагаагаа жигдлээд явья гэсэн хүмүүс үзэл бодлоороо нэгдээд байгаа юм.

-Дүрмээрээ явья гэж хэллээ. Дүрмээрээ яваагүй он жилүүдэд Та яагаад дуугараагүй юм бэ?

-Дуугаралгүй яахав. Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасанд амаараа ч хэлж байсан. Бичгээр ч ажлаа сайжруулахыг шаардаж байсан. Сүүлдээ хүний үг сонсохоо больсон. Хамгийн сүүлд 2017 онд холбооны хурал хийгээд л түүнээс хойш хуралдаагүй. Тэгэхээр дүрмээрээ холбоо маань хууль бус болчихоод байгаа юм. Бидний зүгээс Боксын холбооны хурлаа яаралтай хийж, Ерөнхийлөгчөө сонгоод албан ёсны үйл ажиллагаандаа орох шаардлага л тавьж байгаа. Үүнээс өөрөөр хагаралдаад байгаа зүйл байхгүй шүү дээ.

Хуульч Г. Төгсбаяр: Удирдах зөвлөл нь хууль бус томилгоотой байна гэсэн үг

-Энэ хүмүүсийн гаргаад байгаа санал хуулийн үндэслэлтэй эсэх талаар та тайлбар хэлэх үү?

– Одоогийн нөхцөл байдлыг дүгнэхийн тулд архивт байгаа бичиг баримтыг шалгасан. УБЕГ дээр байгаа мэдээллийг шалгасан. Төрийн бус байгууллагын дүрэм тушаалыг шалгаад үзэхэд 2017 оны нэгдүгээр сарын 16-нд хуралдаж Ерөнхийлөгчийг томилсон байдаг. Хоёрдугаар сарын 13-нд Бага хурлын хоёр тогтоол гарсан байдаг. Нэгдүгээр тогтоолд Удирдах зөвлөлийн найман гишүүнийг томилж байгаа юм. Хоёр дахь тогтоолоор Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Батнасанг томилсон байгаа. Гэтэл нэг дэх тогтоол буюу УЗ-ийн гишүүдийг томилж байгаа нь холбооныхоо дүрмийг зөрччихсөн байдаг. Өөрөөр хэлбэл, Холбооны Дүрмийн 5-ын 14-т “..Энэ УЗ-ийн гишүүдэд гүйцэтгэх захирал заавал байна, гадаад харилцааны мэргэжилтэн заавал байна гээд заачихсан атлаа үүнийгээ оруулаагүй. Мөн эрдэм шинжилгээ судалгааны ажилтан гэж дүрмэнд огт байхгүй албан тушаал дээр нэмээд дасгалжуулагчдын зөвлөлийн дарга гэдэг дээр хоёр хүн давхардуулаад оруулчихсан учраас тушаал нь өөрөө хууль зөрчиж байгаа юм. Нэгдүгээр тогтоол нь хууль зөрчсөн учраас хоёр дахь тогтоол буюу Ц.Батнасанг томилсон тушаал нь бас хууль зөрчиж байгаа юм. Удирдах зөвлөл нь хууль бус томилгоотой байна гэсэн үг. Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ нь ажлаа өгсөн. Дэд ерөнхийлөгч Э.Бадар-Ууганыг томилсон томилгоо бас асуудалтай. Тусгай тогтоол байхгүй. УЗ-ийн тогтоол дээр Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Бадар-Ууган гээд биччихсэн болохоор томилгоо нь тэр юм шиг байгаа юм. Хэрвээ алдаа гарсан бол тэр тогтоол тэр чигтээ л хүчингүй болно.

-Тэгэхээр хүчингүй болсон тогтоолоор өдий хүртэл ажиллаж ирсэн гэсэн үг үү?

-Хууль зүйн үүднээс харахад тийм л дүр зураг ажиглагдаж байгаа юм. Бүгд таньж мэддэг боксын алдартнууд энэ үйл ажиллагааг яагаад шалгуулаад явж байна вэ гэхээр “Хэн нэгэн улс төрч юм уу, мөнгөтэй компанийн захирал МБХ-г авч явахаас илүүтэй дотроосоо өөрсдөө сэтгэл гаргаад аваад явчих хэмжээний хүнээ олонхийн саналаар сонгоод, хууль дүрмийн дагуу явъя” гэж байгаа юм билээ. Одоогийн удирдлага дээр бүтцийг нь харахад алдаатай зүйл их байна. Жишээлбэл, дүрмэндээ хяналтын зөвлөлийг тусгасан байдаг ч, хэрэгжүүлээгүй. Хяналтын зөвлөлийн гурван гишүүнд удирдах зөвлөлөөс орохгүй, өөрөөр хэлбэл, хөндлөнгийн хяналт гэсэн үг. Хяналтын зөвлөлийн гол үүрэг нь санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэл нь зөв явж байгаа эсэх, хуулийн дагуу УЗ-ийн хурал хуралдаж байгаа эсэхэд хяналт тавьдаг нэгж шүү дээ. Гэтэл үүнийг огт байгуулаагүй орхигдуулсан байх жишээтэй. Гэтэл хуулийн дагуу эдгээр нэгжийг байгуулж явах ёстой. Тэгсэн цагт энэ холбоо бүтэц удирдлагын хувьд жигдэрч, хууль ёсны болох юм.

МБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан: Яагаад хууль бус гэж..

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан МБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасантай утсаар холбогдож тодруулга авсан юм. Тэрбээр “Өнгөрсөн онд хурлаа хийх гэж зар тараасан байсан. Харамсалтай нь, цар тахлын улмаас хөл хорио тогтоосноор энэ арга хэмжээ тасалдсан юм. Харин энэ онд буюу нэгдүгээр сарын 20-нд Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаад энэ сарын 28-нд МБХ-ны УЗ-ийн хурлыг хуралдуулахаар болсон. УЗ-ийн 9 гишүүнээс гурав нь оролцож чадаагүй, тодорхой шалтгаантай байсан учир зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр 65 хувийн ирцтэйгээр хурлаа хийж дээрх шийдвэрийг гаргасан байгаа. Нэгдүгээр сарын 20-ны хурлаар гурван асуудал хэлэлцсэн. Тэр нь юу гэхээр Токиогийн олимпоос өмнө холбооны Ерөнхийлөгчөө томилох, УШБ-ийн ахлах дасгалжуулагчийг томилох, 2021 оны бага хурлын товыг тогтоох гэсэн асуудлыг хэлэлцсэн. Ингээд УЗ-ийн ээлжит хурлыг маргааш хийхээр тогтсон юм. Ингэхдээ 2013 оны дөрөвдүгээр сарын 14-ний Бага хурлаар баталсан дүрмийн заалтыг үндэслэсэн байгаа. Тэгэхээр яагаад хууль бус байдаг юм бэ. Наад хүмүүс чинь тайлбарлах юм байгаа биз” гэсэн тайлбар өгсөн.

Мөн маргааш болох УЗ-ийн хуралд нэр бүхий есөн хүн оролцоно гэдгийг, мөн МБХ-ны Ерөнхийлөгчид хоёр хүн нэр дэвшиж байгааг хэлсэн юм.

Орчуулах »
error: Content is protected !!