Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйл. Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдолын вирус халдаах
1.Бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн, эсхүл бусдад халдаасан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Шинэ коронавируст цар тахлын тархалтыг дотооддоо хумихтай холбоотой цаг үеийн шуурхай арга хэмжээ авах асуудлын талаар 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20:00 цагт УОК хуралдаж, орон даяар Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр санал гаргасныг Монгол Улсын Засгийн газар ээлжит бус хурлаараа авч хэлэлцэн эцэслэн шийдвэрлэв.
Улсын хэмжээнд зарлаад байсан гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ахиулж Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06:00 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл тав хоногийн хугацаатай зарлаж, Засгийн газрын тогтоол гаргав.
Тиймээс өнөөдрөөс эхлэн төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж, байгууллаг, иргэд Гамшгийн тухай хууль болон Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг дагаж мөрдөх юм.
Ингээд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар иргэн ямар үүрэг хариуцлага хүлээж байгааг уншигч та бүхэндээ хүргэж байна.
12 дугаар зүйл.Иргэний эрх, үүрэг
12.1.Иргэн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах ЭРХТЭЙ:
12.1.1.холбогдох байгууллага, албан тушаалтнаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар үнэн зөв, бодит мэдээлэл авах;
12.1.2.цар тахлын халдвараар өвчилсөн, өвчилсөн байж болзошгүй тохиолдолд шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах;
12.1.3.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар гаргасан шийдвэр, арга хэмжээ энэ хуулийн 11.1-д заасан шаардлагыг хангаагүйгээс эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах;
12.1.4.хуульд заасан бусад эрх.
12.2.Иргэн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах ҮҮРЭГТЭЙ:
12.2.1.эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх;
12.2.2.өөрийн эрүүл мэндийн байдал, аяллын түүх зэрэг халдвар судлалд шаардлагатай мэдээллийг үнэн зөв өгөх;
12.2.3.мэргэжлийн байгууллагын шаардлагын дагуу үзлэг, шинжилгээнд заавал хамрагдах;
12.2.4.цар тахлын халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлан эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх;
12.2.5.албан байгууллага, олон нийтийн газарт амны хаалт тогтмол зүүх, гараа тогтмол угаах, өдөр тутмын эрүүл ахуйн шаардлагыг хангах;
12.2.6.цар тахлын халдварын үед тусгаарлах, ажиглах журмыг чанд сахих;
12.2.7.халдварын голомттой улсаас ирсэн, эсхүл халдварлагдсан байж болзошгүй бол эрх бүхий байгууллагаас тогтоосон нөхцөл, хугацаанд тусгаарлалтын дэглэмд байх;
12.2.8.татан авалт, тусгаарлалт, үйлчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх зэрэгтэй холбогдон гарах зайлшгүй зардлыг төлөх;
12.2.9.эрх бүхий байгууллагын шийдвэрийг зөрчсөний улмаас гарсан зардлыг хариуцах;
12.2.10.хуульд заасан бусад үүрэг.
12.3.Цар тахал түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээлэл түгээхийг хориглоно.
12.4.Иргэн халдварт өвчнийг бусдад зориуд халдаасан бол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.