Энэтхэг улс өчигдөр (2021.01.26) “Republic Day” буюу улс тунхагласны баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Тус улс 1950 оны энэ өдөр Үндсэн хуулиа баталсан бөгөөд жил бүр уг баярыг улс нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Харин өчигдөр нийслэл Дели хотод үндэсний хэмжээний хамгийн том баяр нь уурссан тариаланчдын эсэргүүцлийн өдөр болж хувирчээ.
Трактор хөлөглөсөн олон мянган тариаланч цагдаа нарын бүслэлтийг сэтэлж, Дели хотын алдарт Улаан цайзыг эзлэн, эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлсэн байна. Тэд өнгөрсөн есдүгээр сард баталсан хөдөө аж ахуйн шинэчлэлийн тухай хуулийг эсэргүүцэж байгаа ажээ. Засгийн газрын шинэ шийдвэр нь тариаланчдыг чөлөөлөх гэсэн нэрийн дор тэдний хүртэх ашгийг багасгасан хэмээн үзсэн тариаланчид арваннэгдүгээр сараас хойш хуулийн төслийг эсэргүүцэж, нийслэлийн гадна жагссан бөгөөд өчигдөр ийнхүү тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, Дели хот руу нэвтэрсэн байна.
Эх сурвалж: BBC