2021 оны 01 сарын 12-ны өдөр Хөвсгөл нуурын баруун эргийн дагуу Долоон уулын орчимд болсон газар хөдлөлийн бүс нутагт ШУА, ООГХ-гийн газар хөдлөл судлалын салбарын геологи, геофизикийн судалгааны баг 1 сарын 15-наас 21-ний хооронд ажиллав.
Долоон уулын баруун, баруун хойд талд байрлах Ходон гэдэг газарт газрын гадаргууд олон зуун (магадгүй хэдэн км) урт үргэлжилсэн цууралт эвдрэлүүд үүссэн байна (Зураг 1-3). Цууралтын өргөн голдуу 1-2 см. Заримдаа ~5 см хүрнэ (Зураг 2). Цууралтын ан цавын дагуу их хэмжээний элстэй ус олгойдон гарч ирэх үзэгдлүүд явагдсан байна. Газар хөдлөлийн үед гүний ус оргилон гарч ирэхдээ дороо байгаа элсээ авч гарч ирэх үзэгдлийг “Sand Liquifaction” гэдэг (Зураг 1).
Маршрутын үед тааралдсан хамгийн том ан цав бол Долоон уулын баруун талд, нуурын эрэг дээр N51˚19ʹ37ʹʹ, E100˚15ʹ55ʹʹ газарзүйн байршилд байв (Зураг 5). Тэнд, ~1 м өргөнтэй, ~10-20 м үргэлжилсэн хагарал байна. Энэ хэсэгт хагарлын суналын азимут NNE15˚.
Зүүн-гарын хэвтээ шилжилттэй хагарлыг илэрхийлэх баруун-алхамт en-echelon ан цавууд Ходонгийн хөндийд ажиглагдсан (Зураг 4).
Нуурын гадаргуу мөсөн дээр газар хөдлөлөөс болж бий болсон хүчтэй хагарал эвдрэл, бяцралт, цунами болсон шинж тэмдэг ажиглагдаагүй.
Долоон уулын баруун тал Ходоны хөндийд хэдэн зуун метр үргэлжилсэн ан цав, цууралт эвдрэлүүд байгаа боловч эдгээр нь гол хагарал биш юм. Газар хөдлөлийн хүчийг Mw 6.7 гэж тооцоход ~0.5 м шилжилттэй, ~25 км урттай гадаргуугийн хагарал үүсэх боломжтой. Иймд гол хагарлын мөрөгцөг нуурын ёроолд эсвэл маршрут хийгдээгүй нуурын баруун талын уулсаар байж болох юм хэмээн ШУА, ООГХ-гийн газар хөдлөл судлалын салбарын геологи, геофизикийн судалгааны баг дүгнэжээ.