Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

2021-01-25
3 мин уншина
Монгол Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэсэгчилсэн хориг тавьж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.8.2 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.3, 30.4 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.8, 36.9, 36.10 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1.5, 57.1.7, 57.1.8 дахь заалт, 76 дугаар зүйлийн 76.2, 76.3 дахь хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.3, 95.4, 95.5, 95.7 дахь хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.5 дахь хэсэг, 105 дугаар зүйлийн 105.8 дахь хэсэг, 110 дугаар зүйлийн 110.6, 110.7 дахь хэсэг, 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэг, 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэг,  113 дугаар зүйлийн 113.2.1 дэх заалтад Монгол Улсын Ерөнхийлөгч тус тус хэсэгчлэн хориг тавилаа.

УИХ-аас баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулиар Үндсэн хуулийн суурь зарчмын дагуу бусад эрх мэдэлтэй харилцан тэнцвэртэй, алинаас нь ч хамааралгүй, бүрэн хараат бус, бие даасан байдлаар ажиллах ёстой шүүх эрх мэдлийг УИХ-ын хэт олонхоор дамжуулан эрхшээл, нөлөөлөлдөө авах гэсэн эрх баригч нам, улс төрчдийн зүй бус зорилго биеллээ олох гэж байгаа тул хэсэгчлэн хориг тавьж, төр улсын түүхэнд тэмдэглэн үлдээх нь зөв гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд хориг тавих гол үндэслэл:

  1. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан, УИХ-ын гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг сонгон шалгаруулж, санал болгох замаар УИХ-аас томилох тухай заасан хуулийн зохицуулалтууд нь шүүхийн боловсон хүчний бодлого болон шүүхийн сахилга хариуцлагын асуудалд улс төрийн нөлөө шууд орох, шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бүрэн алдагдуулах гол үндсийг бүрдүүлж байна.
  2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр “эрх зүйч” этгээд ажиллах боломжийг тусгасан нь зүйд нийцэхгүй бөгөөд тус байгууллагуудад эрх зүйн байдлаараа адил биш, ялгамжтай бүрэлдэхүүн ажиллахаар болж байна.
  3. Эрүү, иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийг тухайн шатанд нь дахин нэгтгэж, дотор нь эрүү, иргэний хэргийн чиглэлээр танхимтай байж болох агуулга бүхий зохицуулалт тусгасан нь нэгэнт хүрсэн ололтоос ухарч буй буруу шийдэл гэж үзэж байна.
  4. Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчээс бусад шүүхийн ерөнхий шүүгч, танхимын тэргүүнийг тухайн шатны шүүхийн болон танхимын шүүгчид дотроосоо сонгодог байхаар зохицуулсан нь шүүгчдийг эрх ашгаар нэгдсэн бүлэглэл фракцуудад хуваагдах, өрсөлдөх, хуйвалдан тэмцэлдэх нөхцөл рүү түлхэж, шүүхийг өнөөгийн улс төрийн намуудаас өөрцгүй хэмжээнд ортол нь улам дордуулах бодит эрсдэлийг бий болгох бөгөөд үүнийг зөвшөөрч даамжруулбал Улсын дээд шүүхийн шүүгчдээс анхан шатны шүүхийн шүүгчид хүртлээ ашиг сонирхлоор сүлбэлдсэн, талцаж хуваагдсан тодорхой бүлэглэл фракцуудыг хуулиар байгуулж, Ерөнхий шүүгчдийг авч, ноёрхлоо тогтоосон бүлэглэл нь хонгил байгуулах, түүнийгээ удирдах хууль ёсны мэт зүй бус систем тогтоох аюултай байна.
  5. Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнийг шүүгч гишүүн, шүүгч бус гишүүн гэж ангилж буй нь буруу бөгөөд орон тооны гишүүн тул ямар нэгэн ангилалгүйгээр хэрэг хуваарилах журмын дагуу маргааныг шийдвэрлэх үүрэгтэй. Энэ үүднээс Шүүхийн сахилгын хорооны гишүүн томилогдсоноор тангараг өргөх эрх зүйн зохицуулалтыг шинээр хуульд тусгах шаардлагатай гэж үзэж байна.

Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн энэхүү шинэчилсэн найруулгыг батлахдаа Засгийн газраас 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн 43 зүйл, нийт 274 хэсэг, заалтыг хөндөн өөрчилсөн байх бөгөөд УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслийг ийм өргөн хүрээнд шинэчлэн өөрчилсөн нь уг төслийн үндсэн үзэл баримтлалыг тодорхойгүй болгож, нэг ёсондоо үзэл баримтлалгүй хууль баталсан гэж дүгнэж болохоор байна.

Энэ байдал нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35, 36 дугаар зүйлд заасан хуулийн төслийг үзэл баримтлалынх нь дагуу хэлэлцэх буюу батлах зарчим, шаардлагад нийцэхгүй бөгөөд хууль тогтоогчид шүүх эрх мэдлийн гол хуульд тодорхой ашиг сонирхлоор, эрх зүйт төрийн ёсонд нийцэмгүй, туйлын хариуцлагагүй хандсан гэж үзэж болохоор байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

Орчуулах »
error: Content is protected !!