Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн чиглэлийн хүрээнд Сонгуулийн тухай хуульд хяналт тавьж ажилладаг билээ. Чиг үүргийнхээ дагуу 2021 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дараах гурван заалтад хяналт тавьж эхэллээ. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ЖИЛ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ САНАЛ АВАХ ӨДРИЙГ ДУУСТАЛ 43.6-д заасны дагуу “Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасныг, 43.1.8-д заасны дагуу “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэхийг хориглоно” гэж заасныг хэрэгжүүлэх үүргийг хүлээнэ.
Харин СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ЭХЭЛСНЭЭС хойш 41.13-т заасны дагуу “Радио, телевиз нь мэдээллийн хөтөлбөрөөрөө нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын мэдээллийг хүргэхдээ бодит, тэнцвэртэй, нэг талыг барихгүй, хараат бус байх зарчмыг баримтална” гэж заасныг хэрэгжүүлж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих юм.
Иймд хэвлэл, мэдээллийн байгууллагууд аль нэг нам, нэр дэвшигчид давамгай байдал олгохгүй, адил тэгш, үнэн зөв мэдээлэл өгч ажиллахыг хүсье.