Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад томилохыг Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжихгүй байгаа гэх сонирхолтой мэдээлэл эрх баригчдын дунд бий болов. Гэхдээ Төрийн тэргүүн татгалзлаа гээд тугалын бэлчээрээс хол гарах биш, хөөрхий. Ерөнхийлөгч Ерөнхий сайдад нэр дэвшигчээс татгалзлаа гээд буцаах эрх зүйн орчин байхгүй.
Тэр “адислаад” УИХ-д илгээнэ. Нэр дэвшигчийн намтар парламентын босго давахаас өмнө Ерөнхийлөгчийн өрөөгөөр ёс төдий дайраад өнгөрдөг маршрутаас өөр сүйдтэй юм үгүй. Сангийн сайдад Ч.Хүрэлбаатарыг томилохоос эсэргүүцэж хэсэгхэн тэлчилсэнтэй яг ижил. Өрөөндөө хэр удаан саатуулж, хөл гараа савчих вэ гэдэг нь л Ерөнхийлөгчийн бүрэн эрх.
Гэхдээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирийн хэлснээр тэгтэл удаахгүй болов уу. Тэрбээр хуулийн хугацаанд асуудлыг УИХ руу илгээнэ гэсэн. Тиймээс Төрийн тэргүүний хувьд нэг гараа нөгөөгөөрөө бариад л үдэх байх. Харин улс төрийн тогтворгүй байдал дахих магадлал өндөр.
М.Энхболд Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болж Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилсон цагийг цухас саная. Үр дүнд нь нам дотор хувьсгал явагдаж, Ардын Засгийн газар унасан. Цаашлаад Ж.Эрдэнэбат хэцүү нэртийнд суусан нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үеийг санагдуулна.
Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг огцрохдоо Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгт халаагаа өгсөн. Харин эвэр нь ургасан ишиг эхийгээ мөргөж, Н.Алтанхуягийн эсрэг ажиллагаа Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед явагдсан. Яг тэр кадр Л.Оюун-Эрдэнийн үед давтагдаж мэдэхээр харагдаад байгаа.
Харьж байгаагаас илүүтэй өгсөж яваа улстөрчдөд Монголын төр халгаатай.
Шинэ Ерөнхий сайдад хамгийн их шунаж байгаа хүн үнэндээ Сү.Батболд. Харамсалтай нь түүнийг Ерөнхийлөгч төдийгүй ард түмэн хүлээж авахгүй. Тийм байлгах гэж төдийгөөс өдийг хүртэл сөрөг имижийг нь бүрдүүлсэн бүхэл бүтэн баг ажилласаар байгаа. Гэхдээ эл сөрөг имижийг засах үүрэгтэй нүсэр баг Сү-д бас бий. Харин тэр баг команд хэзээ хэрхэн ашиг тусаа өгөх гээд тэжээлгэсээр, тэвэрт нь багтсаар яваа нь ойлгомжгүй.
Сү.Батболдоос дутуугүй Засгийг тэргүүлчих хүсэл Г.Занданшатарт байсныг эрх баригчид анзаарсангүй юу. Аядуу зөөлөн, “гэнэн хонгор” төрхтэй Г.Занданшатарыг Ерөнхий сайдад томилох нь хамгийн боломжит хувилбар байв шүү дээ, У.Хүрэлсүх ээ!!!
Ерөнхийлөгчид энэ хүнийг татгалзах шалтгаан байхгүй. Эцэг ондоо ч эх нэг гэдэг шиг, нам өөр ч нутаг нэг, бодол санаа нэг улс. Ард түмэнд эсэргүүцэх үндэслэл олдохгүй.
Өнгөндөө сүр бараа тааруу харагдавч шаггүй нүүж, таггүй томорч яваа нөхөр. Зөвлөхүүдээ хөрөнгө мөнгөний уурхайн “ам”-уудад аваачаад суулгачихсан их эр ээ, бас.
Тэгэхээр Зандкаг Засгийн тэргүүн болгочихоод Хүк өөрөө спикер болчиход яг таарах байсан юм. Угаасаа л МАН-ын дарга нь Спикер байж ирснээс хойш, болохгүй нь юу байх билээ. Тэндээсээ Ерөнхийлөгчид нэр дэвшдэг байсан тоглоомын дүрмээ сэргээчихгүй юү.
Эргэж ирнэ, ирэхдээ шүүхийг авна гээд явсан хүн байнгын ажиллагаатай парламентын даргын алх, тамга хоёрыг атгачихвал Цэцэд ойртоно. Эрх баригч нам, намын даргын хувьд одоо ч ийм эрх түүнд бий. Үндсэн хуулийн Цэцийн 9 гишүүний 3-ыг Ерөнхийлөгч, 3-ыг УИХ, үлдсэнийг Дээд шүүхээс санал болгож, УИХ-аар баталдаг. Хэдийгээр Ерөнхийлөгч давуу эрхтэй харагдаж байгаа ч үнэндээ Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын нөхөрлөлийн үед Цэцийн гишүүдийг томилсон тул ихэнх нь эрх баригч талын нөхөд байгаа. Тэгэхээр У.Хүрэлсүхийн гарт хөзрийн моднууд байсаар байгаа бөгөөд зангарагтайхан тоглож чадвал Х.Баттулгын асуудлыг Цэц дээр унагаж дөнгөнө.
Муухан тоглоод Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдлаа гэхэд өрсөлдөгчөө УИХ-ын даргын индрээс няслаад суух боломж бас хангалттай. Тиймээс эрх баригч намын эрхэм дарга сархдын хундага барьж суухаар Спикерийн алх атгахаа бодоход болохгүй гэх газаргүй. Засгийн газрын тэргүүнд Занданшатар оройтсоон гэвэл хийж сураагүй биш Гадаад хэргийн яам руу илгээчихэд яахав дээ. Намын даргаа тойргын гадна үлдээчихээд хурал даргална ч гэж юу байхав.
Тэртэй тэргүй олны өмнө жанжин биш жүжигчин гэгддэг болсноос хойш эхлүүлсэн драмаа нэгмөр төгсгөвөл гоё.
Намын дарга хэвээрээ юм чинь шинэ Засгийг АН-тай хамтруулчих. Шоконд орсондоо Н.Энхбаяраас эхлүүлээд шидэмс хайж эхэлнэ. Угаасаа унаж, дуусч яваа салбаруудаа АН-д өгчихгүй юү. Шадар сайдаар АН-ын аль нэг даргыг тавиад, Эрүүл мэндийн яамыг Салдангийн Одонтуяад, Боловсролын салбарыг Лу.Гантөмөрт гээл… Ерөнхийлөгчийн багцад Уул уурхай эсвэл Зам тээврийн яамаа тавьчих.
Ингээд өгчихвөл хичээгээд ч босохгүй болсон салбарууд учраас хаяанд ирсэн Ерөнхийлөгчийн сонгууль, цаашлаад 2024 оны сонгуулиар ялыг нь АН үүрч, ямбыг нь МАН эдэлчихнэ. Эрх баригч намын даргын хувьд үүнээс илүү нүүдэл гэж юу байхав.
Элгээрээ хэвтсэн эдийн засаг, их өр, цар тахлын аюул, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн уналт гээд нэгэнт удирдлагаа алдаж, эдийн засгийн чиг баримжаагүй болсон хойно улстөрийн хожоотой, хошиндуу нүүдэл бодож ол доо, У.Хүрэлсүх дарга аа!!!