У.Хүрэлсүх Монгол түмнийг мад тавьсан гэж бодов бололтой. Тэрбээр өчигдөр Ерөнхий сайдаас огцрох бус Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаагаа “зарласан” хэрэг байж.
Нийслэлд гарсан халдварын голомтууд, эдийн засгийн нөхцөл байдал, Ерөнхийлөгчийн сая төгрөгийн шоу гээд яг одоогийн нөхцөл байдлаа чирээд тэр ирэх сонгуульд өрсөлдсөн бол У.Хүрэлсүх гарцаагүй ялагдал хүлээх байлаа. Шударга ёс тогтоох хийрхэл дүүрэн тунхаг нь итгэл үнэмшил төрүүлэхээ больж, ЖДҮ-чдийг албан тушаалаар урамшуулан ар өврөөсөө санжигнуулж явсан түүнд хэн итгэх билээ.
Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг залуурдан удирдаж чадахаа больсон түүнд МАН-ын дотоод дахь зөрчил, хагарал нэмэрлээд дээш тэнгэр хол, дорх газар хатуу болсон байсан нь үнэн. Янгинасан “шүдний өвчин”-өөс хэрхэн салахаа мэдэхээ больж, бор дарсанд орчихоо алдан явсан тэрбээр харин ч үүссэн нөхцөл байдлыг овжноор ашиглажээ.
Намын дотоодод хуралдаж байсан нүүгэлтсэн үйл явдлаас зүрхшээсэн Ерөнхий сайд барьц алдахдаа зарим үед сархдад толгойгоо мэдүүлж, өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөхөөр бэлтгэж байсан гэдгийг намынхан нь хэлж байв.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт огцрохоор төлөвлөж, өргөдлөө өнөөдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 22-ны баасан гаригт өгөх байсан тухайд танхимынх нь сайд нараас ам алдлаа. Огцрох өргөдлөө хэрхэн ямар байдлаар гаргахаа олж ядан тэмтчиж явсан түүнд Эрүүл мэндийн салбарынхны гаргасан алдаа харин гайхалтай шалтаг болж.
Уг нь сэлэмт жанжны танхимыг тараах ажиллагаанд Ерөнхийлөгч ч идэвхи санаачилгатай оролцохоор МАН-ын бүлэглэлүүдтэй тохиролцон бэлтгэж байсан юм байх. Гэтэл тооцоолоогүй үйл явдал гэнэт өрнөж, түүн дээр дөрөөлсөн Хүкийн нүүдэл Х.Баттулга нарын төлөвлөгөөг нурааж, мэхт мэхэндээ болчихсон бололтой. Тэр С.Эрдэнэ дээр яг ингэж алдаж байсныг дараагийн нийтлэлд эргэн дурьдъя.
УРУУЛ ДОРДОЙВЧ ЭЛЭГ ДОРДОЙХГҮЙ ГЭГЧЭЭР МАН-ынхан ЖЕНКОГ МАДАЛЧИХАЖ
Хоёр сайд огцрох өргөдлөө өгсний дараа Их тэнгэрт МАН доторх фракциудын төлөөлөл уулзаж, улс төрийн тохироо хийжээ. Ингэхдээ У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албанаасаа бууна. Мэдээж Ерөнхий сайд огцрох тул кабинетаараа өргөдлөө өгөхөөс гарцгүй. Зүүний хүчний холбооноос энэ удаагийн томилгоонд хувь хүртэхгүй. Харин намын даргын суудлыг хөндөхгүй байх тохироо хийсэн байна.
Улстөрийн сэм болзсон нүүдэл дунд урвайж уйлагнасан явдал болж эрх баригчдын нууц уулзалт хөгтэй хөөртэй л байсан бололтой. Засгийн газрын шинэхэн гишүүн, албан тушаалын амтанд дөнгөж ороод байсан Т.Мөнхсайхан чөлөөлөгдөхгүй хэмээн зөрүүдэлж, “бослого” гаргах шахсан юм байх. Тэрбээр сайд болохоор өгсөн дэнчингийнхээ тухай хөндөж, эргээд бүтэн авна гэж сандаргасан гэх жиг жуг намын гишүүдийн цайны хачир болж байна.
Уйлаан майлаан, уур уцаартай тохироо эцэстээ нэг талдаа гарч Удирдах зөвлөл болон УИХ дахь бүлгийн хурлаар ногоон гэрлээр дэмжигдэн, чуулганы хуралдаанаар ч 95.2 хувьтай У.Хүрэлсүх огцров.
Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн энэ үед Ерөнхийлөгч Х.Баттулга болоод АН-ынхны улс төрийн тоглолтыг У.Хүрэлсүх ийнхүү өөрт ашигтайгаар эргүүлчихэж.
УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн хэлсэнчлэн жинхэнэ утгаараа улстөрийн драм өрнөж, Онцгой дэглэм хэрэгжүүлэхдээ хүний эрх ноцтой зөрчсөн асуудлаар Засгийн газар огцрох биш харин ч АН-ын, тэр дундаа Ерөнхийлөгч Х.Баттулгын “өдөөн турхирсан” буруутай үйл ажиллагааны өмнөөс МАН-ын Засгийн газар уучлал хүсч, шударга ёс тогтоон огцорсон болж таарав.
Ерөнхийлөгч Х.Баттулга ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал нэрийн дор У.Хүрэлсүх, Г.Занданшатар нартай уулзаж, юу болоод байгааг мэдэх, ямар нэг арга сүвэгчлэх гэсэн боловч бүтэлгүйтэж, эцэстээ чуулганы хуралдаан дээр матрын нулимс унаган Сү.Батболд руу “гутлаа тайлан шидсэн” ч тусыг эс оллоо.
Эсрэгээрээ У.Хүрэлсүх гишүүн Сү.Батболдыгоо хэрхэн өмөөрснийг олон түмнээр харав.
Ийнхүү У.Хүрэлсүх хариуцлага хүлээх бус гомдсон эрийн өрөвдөлт дүр эсгэн цар тахлын голомтод иргэдээ үлдээгээд ирэх сонгуулийн ажлаа эхлэхээр дуу аялан одлоо.
Тэгэхээр өнөөдөр болох МАН-ын дотоод дахь хурлууд Их тэнгэрт яригдсан сценарийн дагуу явагдана. Шинэ Засгийн газрын бүтэц хэдийнэ зурагдаж, Сү.Батболд, М.Энхболд нарын фракцийн давамгайлсан томилгоонууд хийгдэнэ. Увсын фракци ч хоосон хоцрохгүй. Ингээд намрын чуулган хаалтаа хийж, ирэх дөрөвдүгээр сарыг хүртэл гишүүд сураг алдарна..
Харин энэ бүгдийн эцэст хөөрхий Еөк л бухын доодохыг харсаар турж үхэх дөхсөн үнэгний үлгэр мэт болж, нэг гутлаа Хүк рүү, нөгөөг нь Сү рүү шидээд хоцрох бололтой.