АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис нарын тангараг өргөх ёслол лхагва гарагт (2021.01.20) орон нутгийн цагаар 12.00 цагт (УБ-ын цагаар 2021.01.21-ний 01.00 цагт) Вашингтон хотноо ёслол төгөлдөр болж, өндөрлөж байна.
Тэрбээр уламжлал ёсоор библи судар дээр зүүн гараа тавиад “Бага Жозеф Робинет Байден би АНУ-ын Ерөнхийлөгчийн үүргийг чин шударгаар гүйцэтгэж, АНУ-ын Үндсэн хуулийг дээдэлж, сахин хамгаалахын төлөө өөрийн бүх хүч чадлыг дайчлахаа тангараглаж байна. Бурхан надад туслах болтугай!” гэж хэллээ.
“Миний талархлыг хүлээж авна уу, ноён ерөнхийлөгч өө” хэмээн түүний тангараг өргөх ёслолыг удирдсан АНУ-ын Дээд шүүхийн дарга Жон Робертс мэдэгдсэн байна.
Ж.Байден гэр бүлд нь 127 жилийн турш хадгалагдан ирсэн библи дээр гараа тавин тангараг өргөсөн байна.
Тангараг өргөх ёслолд АНУ-ын өмнөх төрийн тэргүүн болох Билл Клинтон, бага Жорж Буш, Барак Обама, Дэд Ерөнхийлөгч асан Майкл Пенс нар уламжлал ёсоор хүрэлцэн ирсэн байна. Харин өмнөх ерөнхийлөгч Доналд Трамп уламжлал ёсоор шинэ төрийн тэргүүнийг Цагаан ордонд угтах ёстой байсан ч лхагва гарагийн өглөө нийслэлээс явжээ. Энэ нь сүүлийн 152 жилд өөрийнх нь халааг авч буй төрийн тэргүүний тангараг өргөх ёслолд оролцохгүй АНУ-ын анхны ерөнхийлөгч болж байна. Хамгийн сүүлийн удаа ийм тохиолдол 1869 онд гарч байсан бөгөөд тухайн үед АНУ-ын 17 дахь ерөнхийлөгч Эндрю Жонсон халааг нь авсан Улисс Грантын тангараг өргөх ёслолд оролцохоос татгалзаж байжээ.