Монголын төрөөс авлагатай юм шиг эрхэлж, албан тушаал, ашиг сонирхлоо хангаж байдаг хүмүүс мэр сэр гарч ирдэг.
Тийм хүмүүсийн нэг нь ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ боллоо. Намтрыг үзвэл “Силк Роуд Трэвел” ХХК, “Эйр тикет” ХХК-ийн ерөнхий захирал, Мэдээлэл, харилцаа холбоо шуудангийн газрын зөвлөх, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Шадар сайд У.Хүрэлсүхийн зөвлөх, МХЕГ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын зөвлөхөөр ажиллаж байжээ.
Мөн 2018 оны эхээр ЗГХЭГ-ын дэд даргаар томилогджээ. ЗГХЭГ-ын дэд дарга болоод “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-ийн дарга болж байв.
Арван сар ажиллаад ЖДҮ-гийн асуудлаар чөлөөлөгдсөн.
Буцаад өнгөрсөн оны наймдугаар сарын дундуур ШӨХТГ-ын даргаар томилогдсон. Энэ учир шалтгааныг сүүлд өгүүлнэ.
Харин ШӨХТГ-ын дарга болсон Б.Бат-Эрдэнэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2020 оны аравдугаар сарын 19-ний Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар тус компанийн ТУЗ-ийн төрийн төлөөллийн гишүүн болов. Бүр ТУЗ-ийн дарга нь болоодохжээ.
Чухам энэ бол Монгол Улсын хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн явдал болоод байна. Тодруулбал, Б.Бат-Эрдэнийг ШӨХТГ-ын дарга болгоод, нэмээд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар томилсонд гайхсан хүмүүс олон боллоо. “…Төрийн хуулийг хэн ингэж аймшиггүйгээр зөрчиж Б.Бат-Эрдэнэд өрсөлдөөнийг хянадаг атлаа өөрөө тендер зарладаг эрх мэдэл олгочихов оо. Энэ бол илэрхий ашиг сонирхлын зөрчил бус уу” гэж байгаа юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн үйл ажиллагааны журамд ТУЗ-ийн дарга нь “… ТУЗ-ийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, биелүүлэх чиглэлээр компанийн гүйцэтгэх захирал болон ТУЗ-ийн гишүүдэд шаардлага тавих, чиглэл өгөх”, “…Компанийг төлөөлөн гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээнд гарын үсэг зурах” эрхтэй. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүхий л үйл ажиллагааг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ батлан төлөвлөдөг гэсэн үг. Уг журам дахь “…Компанийн үндсэн чиглэлийг тогтоох”, “…Компанийн зарласан хувьцааны төрөл болон тоонд багтаан хувьцаа гаргах”, “…Эд хөрөнгийн болон эд хөрөнгийн эрхийн зах зээлийн үнийг тогтоох”, “…Компанийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, борлуулалтын орлого, өртөгтэй холбоотой гэрээ, хэлцэл байгуулах бүрэн эрхийг үнийн дүнгээс хамааруулан тогтоох”зэрэг заалтаас санхүүгийн үйл ажиллагаанд шууд хамааралтай болохыг харж болно.
Гэтэл ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болсон нь Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчжээ. Үүнийг хоёр хуулийг онцолъё.
Нэгдүгээрт, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийн ажил үүргийг зохицуулдаг Өрсөлдөөний тухай хууль гэж бий. Өрсөлдөөний тухай хуулийн 9 дүгээр зүйлд “…Өрсөлдөгч хуулийн этгээдийн удирдлагын албан тушаалд ажиллахыг хориглох” тухай 9.1-т “…Давамгай байдалтай хуулийн этгээдийн удирдлага өрсөлдөгч хуулийн этгээдийн удирдлагын албан тушаал хавсран ажиллахыг хориглоно” гэж заажээ.
Энэ бол ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга байж болохгүй гэж шууд хэлсэн заалт юм.
Мөн хуулийн 15 дугаар зүйлд “…ШӨХТГ-ын бүрэн эрх”-ийг тодорхойлохдоо 15.1.4-т “…Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуй эрхлэгч, байгууллагад хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах” үүрэгтэйг нь заагаад өгчихсөн.
Гэтэл энэ хүн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргын хувиар компанийг ашигтай болгох, тендер худалдан авалтыг зохион байгуулах ажилд оролцоод явж байдаг. Энэ хоёр ажил хоорондоо нийцэх үү.
Энэ болохгүй гэдгийг Өрсөлдөөний тухай хуулийн 17 дугаар зүйлд “…ШӨХТГ-ын дарга, гишүүнийг томилох” гэсний 17.3-т “…ШӨХТГ-ын дарга, гишүүнд дараахь этгээдийг нэр дэвшүүлэхгүй” гэдэг 17.3.4-т “…Төрийн болон хувийн өмчийн аж ахуйн нэгжид ажиллаж байгаа этгээд” гэж заажээ. Б.Бат-Эрдэнэ ШӨХТГ-ын дарга болчихоод дараа нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болсон. Гэхдээ энэ зүйл заалт үүнийг ч хориглох агуулгатай юм.
Хоёрдугаарт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтой зөрчсөн. Энэ хуулийн 55.1-т “…Тендерт оролцогч нь өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө ШӨХТГ-т ажлын таван өдрийн дотор гаргана”, 55.3-т “…ШӨХТГ гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх, тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах, зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах зэрэг шийдвэр гаргана” гэжээ.
Мөн 55.4-т “…Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд захиалагчийн гаргасан шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг тендерт оролцогчийн гомдлыг хангах нь илүү үндэслэлтэй байгаа бол түр түдгэлзүүлэх шийдвэр гаргаж болно” гэсэн байна.
Энэ бол ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга байж болохгүйг тогтоосон хангалттай нотолгоо.
“Эрдэнэс Тавантолгой” ХК бол зүгээр нэг аж ахуйн нэгж бус. Монгол Улсын эдийн засгийн том хөшүүрэг, стратегийн үй ажиллагаатай компани юм. Тэндхийн тендер, худалдан авалт байнга л хардалт дагуулж байдаг. Энэ утгаараа төрийн хяналт тавьж, худалдан авах үйл ажиллагаанд оролцогчдыг зохицуулах, өрсөлдөөнийг тэнцвэртэй явуулах үүрэгтэй ШӨХТГ-ын дарга хүн энэ компаниас хол байх учиртай.
Гэтэл дээр нь гарч суугаад дарга нь болсон учраас Б.Бат-Эрдэнэ ашиг сонирхлын зөрчлийн сонгодог жишээ болчихоод байна.
Гэхдээ Б.Бат-Эрдэнэ өөрөө эдгээр хуулийн зөрчлөө арилгах санаачилга гаргавал боломж бас бий. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн үйл ажиллагааны журамд “…ТУЗ-ийн гишүүн нь өөрийн ажил, бизнесийн үйл ажиллагааны дагуу компанитай буюу түүний тодорхой үйл ажиллагаатай ашиг сонирхлын зөрчилтэй болсон бол энэ тухайгаа ТУЗ-ийн даргад даруй бичгээр мэдэгдэх” гарц байгаа юм. Эсвэл…
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН