ГЕГ 2019 оны хоёрдугаар сард “Гаалийн лабораторийг олон улсын итгэмжлэлд хамруулах олон улсын зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох” тендер зарлаж байгаагаа мэдэгдэж байв.
-Олон улсын стандарт шаардлагад нийцсэн, орчин үеийн дэвшилтэт тоноглол, тоног төхөөрөмж бүхий Гаалийн төв болон салбар лабораториудыг байгуулах,
-Дээж авах үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлэх, шинжилгээний тоноглол, тоног төхөөрөмжийн худалдан авалтад техникийн туслалцаа үзүүлэх,
-Худалдан авалтын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, лабораторийн боловсон хүчнийг бэлтгэх, сургалт явуулах,
-Олон улсын итгэмжлэлд хамруулах, эрх авах үйлчилгээг зохион байгуулах зэрэг ажлыг хариуцуулах тендерийн ялагч энэ ондоо тодорч “Ар си инспекшн Азиа Ассайрс” гэдэг нэртэй компани ялалт байгуулж, ГЕГ-аас 3 тэрбум 848 сая 793 мянга 488 төгрөгийн ажил хийх эрх олж авчээ. Тэрчлэн “Ар си инспекшн Азиа Ассайрс” ХХК энэ оны дөрөвдүгээр сард ажлын хөлсөндөө 962 сая 198 мянга 732 мянган төгрөгийг шилжүүлэн авчээ. Монгол Улсын үүд хаалга Гаалийн чадамжийг сайжруулах төсөл санаачилж, тендерт ялсан байгууллага хоорондын гэрээний дагуу мөнгө шилжүүлэх нь байх ёстой асуудал мөн.
Гэвч Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт нь бараг 4 тэрбумын өртөгтэй тендертээ Олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанийг биш УБЕГ-аас гадаад худалдаа болон төмөрлөг хүдэр бүх төрлийн хүрэн нүүрс болон тэжээллэг бодьсон бүтээгдэхүүний дээж авах, судалгаа хийх тусгай зөвшөөрөл авсан ХХК-г ялуулсанд учир байгаа юм.
Энэ компанийг Монгол Улсын иргэн Ц.Гүндэгмаа, М.Ганчимэг нар Нидерландын иргэн Бернард гэгчтэй хамтран байгуулсан бөгөөд Б.Асралт Гаалийн лабораторид дээжээ шинжлүүлж байх ёстой компанид Гаалийн байгууллагын төдийгүй Монгол Улсын нүүр царай болж байх ёстой төслийнхөө эрх мэдлийг атгуулсанд хэн ч юу ч хэлэхгүй байгаа нь анхаарал татна. “Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй” гэж лоозогнодог Гаалийн дарга Б.Асралт дөрвөн тэрбум орчим төгрөгийн тендерт яагаад огт өөр үйл ажиллагааны чиглэлтэй “Ар си инспекшн Азиа Ассайрс” гэх компанийг ялуулав.
Ямар нэг ашиг сонирхол, мөнгө угаах сонирхол байсан юм биш биз. Байгаагүй гэж үзвэл Монгол Улсын ГЕГ-ын дарга яагаад мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлж, боловсон хүчин бэлтгэж, тоног төхөөрөмж шилж сонгох ямар ч чадамжгүй, зүгээр л энгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй компанид 3.85 тэрбум төгрөгөө тавиад туучихсан юм бэ. АТГ болон Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан эл тендерт анхаарлаа хандуулж, шалгах ажлыг яаралтай эхлүүлэх нь зүйтэй санагдана.