МАН-ын даргын суудал ганхаж, МАНь эмэгтэйчүүд бужигнаж эхлэв үү

АН задарч, МАН гэдсэндээ хөлөө жийлцэж буй өдрүүдийн гол хорчдын нэг хэсэг нь эмэгтэйчүүд. Төдийлөн цойлж тодроод толгойд гараад ирэхгүй ч тэр энийг хутган, тэвнэ зүү шидэлцүүлэгчид бүсгүйчүүд байдаг нь үнэн.

Ялангуяа МАХН-аас АН-д, АН-аас МАН-д гэхчлэн намын батлах, итгэл үнэмшлээ зоргоороо сольж, Н.Энхбаяраас Ж.Наранцацралт, Ж.Наранцацралтаас М.Энхболд, М.Энхболдоос У.Хүрэлсүх рүү шилжин нөмөрт нь багтаж яваа Л.Амгалан МАН-ын суудлаа олохгүй дэндэгнэсэн дарга нарын толгойг хамгийн сайн “эргүүлдэг” эмэгтэйчүүдийн нэгээр нэрлэгджээ.

Тэрбээр сүүлийн үед У.Хүрэлсүхийн байр суурь дэнжигнэхтэй зэрэгцэн МоАХ+Д.Амарбаясгалан зүг “хүлгийн” жолоо залчихаад байгаа юм байх. Тэгэхдээ өнөөдрийг хүртэл ганцаар “хор” хутган, тэр энэний нөмөрт шилжин займчиж явсан бол энэ удаад Соёлын яамны Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгорыг эгнээндээ нэгтгэчихсэн ханиндаа бужигнуулж яваа гэнэ.

Тэд намын даргынхаа суусан сандлын хөл ганхаж эхэлсэн цагаас эхлэн генсэктээ тал засан, улмаар “эвэр нь ургаж эхийгээ мөргөхөд” бэлэн яваа Л.Оюун-Эрдэнэ сайдын өмнө хойно орон гүйлдэх болсныг хүний өөрийнгүй хэлж байна. Үнэндээ ч Хүкийн худ байхаа нэгэнт больсон Л.Амгалангийн дээр аадрын үүл хэдийнэ хуралдаж эхэлсэн биз. НИТХ-ын тэргүүлчээр ажиллаад хоёр сарын нүүр үзэж буй Б.Пүрэвдагвыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргэн байсныг олон түмнээрээ мэднэ. Харин Л.Амгалан, Б.Пүрэвдагва нар С.Буяннэмэх зохиолчийн удам судрын үргэлжлэл буюу үеэл эгч дүүс билээ.

Б.Пүрэвдагвыг У.Хүрэлсүхийн нүдэнд өртөж, эцэстээ охиныг нь авч суух хүртэлх арга замыг Баянгол дүүргийн Засаг дарга асан, үеэл эгч Л.Амгалан нь заасан гэлцдэг. Нэгэн үе аль ч Засгийн үед албан тушаалаас хоцордоггүй байсан Л.Амгалан энэ зэргийн зүг чиг гаргачихтайгаа гэдэгт маргах нэгэн үгүй биз.

Хэнтий аймгаас зоотехникчээр ажлын гараагаа эхэлж байсан Л.Амгалан 1990 оны ардчилсан хувьсгалын өөрчлөлтөөр гудамжинд гарсан гэдэг. Амьдрахын эрхээр эмэгтэйчүүдийн зөвлөлийн дэргэд ТҮЦ ажиллуулах болсноор улс төрийн зам нь эхэлсэн. Гэхдээ үүнээс илүүтэй хоёр дахь нөхөр Дугаржавтайгаа учирснаар улс төрд гүн гүнзгий хөл тавьсан гэдэг юм. Дугаржав тухайн үед Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байсан Ж.Наранцацралттай нэг анги төдийгүй дотны нөхөд. Өөрөөр хэлбэл, Л.Амгалан, Ж.Наранцацралт агсан болон шинэ нөхөр Дугаржав нар нэг ангийнхан.

Ийнхүү Хэнтий аймгийн МАХН-ын хороонд зааварлагч, эмэгтэйчүүдийн зөвлөлд ажиллаж байсан Л.Амгалан гэнэтхэн үзэл бодлоосоо ухарч АН-ын батлах өвөртөлж байв. Улмаар Ж.Наранцацралт агсныг Засаг даргаар ажиллах үед буюу 1997-2002 онд “Улаанбаатар сан”-гийн даамал, гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан байдаг.

Ж.Наранцацралт агсан Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн болж шат ахисан ч төдийлөн эрх мэдэлтэй байгаагүй. Тэр хэрээр Л.Амгалангийн байр суурь ганхаж, даргын суудлаас ховхрон Өмчийн харилцааны газрын ахлах мэргэжилтэн болж байлаа.

Ийнхүү уруудахдаа буюу гэр бүлийн хувьд гурав дахь нөхрийн дэмээр тухайн үеийн Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан М.Энхболдын нөмөрт орж, эргээд МАН-ын гишүүн болсон төдийгүй Баянгол дүүргийн орлогч даргаар томилогдсон гэдгийг бичиж байсан хэвлэлийн мэдээллүүд арилаагүй байна. Хотын фракц нийслэлд ноёрхлоо тогтоосонтой зэрэгцэн Л.Амгалан ч албан тушаал ахиж, НИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг даргаар ажиллаж эхэлсэн. Харамсалтай нь Л.Амгалангийн гэр бүлийн амьдрал ч, улс төр дэх тэмдэглэл нь ч сайн гэхээсээ саар мэдээгээр дүүрэн.

Засаг дарга болоод удалгүй төсвийн хөрөнгийг шамшигдуулсан, газрын наймаанд гар бие оролцсон гээд түүнд холбогдох таагүй мэдээлэл дэндүү их байлаа. Тиймдээ ч Засаг дарга Л.Амгаланг огцруулах асуудал НИТХ дээр үе үе сөхөгддөг байв. АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ нуусан хэргээр ч мөн шалгагдаж балрахдаа “Мартчихсан байна аа” гэж жишим ч үгүй хэлж зогссон эмэгтэй.

УИХ-ын 2012 оны сонгуулиар Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн ч сонгогчид түүнд итгэл үзүүлээгүй. Түүнээс хойш төрийн бус байгууллагаараа дамжуулан үйл ажиллагаа эрхэлж, 2015 оны 2-11 дүгээр саруудад Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн тэргүүн дэд даргын алба хашиж байгаад мөн мултарсан.

Хэсэг хугацаанд гудамжинд лааз өшиглөсөн тэрбээр МАН парламентад олонх болохтой зэрэгцэн Төрийн банкны тооцооны төвийн захирал болж амжсан юм. Үнэндээ, Хүкийн худ хэрхэн хоосон байх билээ. Тун удалгүй Төрийн банкны Орон нутгийн удирдлагын хэлстийн дарга болж тушаал ахиад авсан.

Одоо харин тэр У.Хүрэлсүхийн худ байхаа больсон. Хүк ч хүчтэйхэн дугтарахад хөлбөрч унахад ойрхон байгаа.

Тиймээс Л.Амгалан тэргүүлсэн Соёлын яамны Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нарын эмэгтэйчүүд дараагийн “эзнийхээ” эрэлд мордож, замаа засч эхэлсэн юм байх. Тэднийхээр энэ намын дараагийн удирдагчид Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан гэх бөгөөд намын хар массын доторх “хутгуурын” ажилд хэдийнэ ханцуй шамлан орсон гэдгийг намынхан нь хэлж байна.

Ингэхдээ генсэк Д.Амарбаясгалан ирэх сонгуульд ЖЕНКО-г дэмжин “ажиллана” гэх мессэжийг ойрын хүрээлэлдээ өгч, ямар ч хор хутгасан байлаа гээд генсэктэйгээ ажиллана гэдгээ мэдэгдээд байгаа юм байх. Тэднийг Д.Амарбаясгалан руу гүйх хэрэгтэйг зөвлөсөн хүн нь Н.Багабанди гэнэ. Учир нь Ж.Наранцацралт агсны амьд сэрүүнд Л.Амгалангийн “Улаанбаатар сан”-гийн гүйцэтгэх захирлаар ажиллах болсон хувь төөрөг нь Н.Багабандид ойр байх үүдийг нээсэн байж.

Орчуулах »
error: Content is protected !!