Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хариуцлага тооцох газрын нэг ГЕГ, Их цэвэрлэгээнд хамруулах төлгөн дарга нарын нэг нь Б.Асралт юм… Авлига, албан тушаалын хэрэг тасардаггүй хэдэн газар байдгийн нэг нь Гаалийн ерөнхий газар. Энэ газрын даргаар ажилласан хүн дэвшихээсээ илүүтэй дээлээ нөмөрчих гээд байдаг гэмтэй. Тэр үзэгдлийг ГЕГ-ын дарга Б.Асралт давтаж магадгүй болоод байна.
ХХААХҮ-ийн сайдаар 2019-2020 онд ажилласан сайд Ч.Улаан 2019 онд “ГЕГ-ын даргын хууль бус ажиллагааны улмаас 950 гаруй сая төгрөгийн татвар чөлөөлөгдөж улсын төсөвт хохирол учирсан” хэмээн мэдэгдэж ГЕГ-ын дарга Б.Асралтыг АТГ-д шалгуулах ёстой хүн гэсэн мессежийг өндөр албан тушаалтнуудаас анх удаа хаяж байсан юм. Энэ үеэр Б.Асралт АТГ-т шалгагдаад эхэлсэн, АТГ-ын Мөрдөн байцаах алба ч түүнийг Нийслэлийн прокурорын газрын 2018 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 126-р тогтоолын дагуу шалгаж байгаагаа мэдэгдэж байв.
Тэрбээр 2017 оны гуравдугаар сарын 9-ний А/37, 2017 оны зургадугаар сарын 30-ны А/162-р тушаалаар удаа дараа хууль бусаар тусгай зөвшөөрөл олгож, хилээр 1.2 тэрбум төгрөгийн барааг татваргүйгээр оруулж ирж улсыг хохироосон байдаг. Үүнээс өмнө ГЕГ-т халаа сэлтгээ хийж 100 хол давсан хууль бус томилгоог хийсэн хэргээр мөн АТГ-аас сануулга аваад байлаа. Өнгөрсөн онд Б.Асралт хүргэн ах, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдын гэх авлигын хэрэгт хардагдаж, “Имарт” худалдааны төвийн газрыг авахын тулд 200.000 ам.долларын авлигал бусдад өгсөн гэх асуудлаар АТГ-т байцаалт өгч байсан юм.
Гэвч Нийслэлийн прокурорын газрын хяналтад байсан эдгээр хэргүүд усанд хаясан чулуу шиг сураггүй болсон. Гэтэл Б.Асралт даргыг тойрсон хууль бус 3.8 тэрбумын тендерын асуудал ил болж Б.Асралт АТГ-т дуудах цаг ойрхон ирж. Байсхийгээд авлигын гэх томоохон хэрэгт орооцолддог ч сугараад үлддэг Б.Асралтад арга хэмжээ ав, албан тушаалаас нь чөлөөлөөд шалгуулахгүй бол Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн энэ үед намын болоод Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэр хүнд шалаар нэг болоход нөлөөлөх жинтэйхэн хүчин зүйлсийн нэг болж мэдэхээр байна.
Эрх баригч нам хэрнээ албан тушаал хүртсэн хүртээгүйн гомдол хуралдаж, гэдсэндээ хөлөө жийлцсэн залуусынх нь турхиралт, түүнийг нь дэмжиж сэвсэн сөрөг хүчний өдөөн хатгалт өдөр ирэх бүр гаарч буй энэ үед авлигачидтай хатуу тэмцэнэ хэмээн сэлэм эргүүлж байсан У.Хүрэлсүх томуудаа байг гэхэд ядаж чапакуудаа цэвэрлэж олон түмнээс коко авч баймаарсан … Их цэвэрлэгээнд хамгийн түрүүнд хамруулах чапакуудын нэг нь яах аргагүй энэхүү Б.Асралт гэгч юм…