Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд “Ковид-19” халдварын батлагдсан нэг тохиолдол илэрлээ.
Тус дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч 66 настай иргэн Г нь биеийн байдал хүнд оноштойгоор өчигдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн /103/ автомашинаар тус төвд хүргэгдэн ирсэн байна.
Иргэнд түргэн тусламжийн төвийн эмч болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар түргэвчилсэн оношлуураар 2 удаа шинжилгээ хийхэд хариу СӨРӨГ гарч байсан ч оношийг баталгаажуулах үүднээс PCR шинжилгээг авчээ.
Улмаар өвчтөнийг тусгаарлан ажиглах байранд шилжүүлж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байсан байна.
Гэтэл өвчтөний PCR шинжилгээний хариу ЭЕРЭГ гарсан тул өнөөдрөөс ХӨСҮТ-д шилжүүлж эмчилгээ, шинжилгээ, тандалт, ажиглалтад хамруулж эхэллээ. Түүний хэвтэн эмчлүүлж байсан Эрүүл мэндийн төвийн байранд голомтын ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан эмч, мэргэжилтнүүдийг тусгаарлан, шинжилгээ ажиглалтад авчээ.
Одоогоор эмнэлгийн ойр орчимд хөдөлгөөний хязгаарлалт хийгдэхгүй гэх мэдээллийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өгч байна.