Боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл асуудал УИХ-ын хэмжээнд яригдаж байна. Өнөөдөр УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон БШУЯ боловсролын Ерөнхий хуулийн төсөлд олон нийтээс санал авна гэж мэдэгдлээ.
Олон нийтээс авах саналыг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт хэлэлцүүлэг өрнүүлэх замаар авах юм байна. Арваннэгдүгээр сарын 5-наас эхэлсэн санал авах ажиллагаанд боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллагууд мөн эцэг эхчүүдийн саналыг тусгахаар зорьж байна.
Үр дүнд нь салбарын асуудлыг өргөн хүрээнд зохицуулах, тогтвортой мөрдөгдөх чадамжтай хуулийн төсөл төрөн гарна гэж найдаж байгаа ажээ.
Монгол Улсын боловсролын анхны хууль 1963 онд батлагдаж дараа нь 1982, 1992, 2002 онд өөрчлөлт орж байжээ. Өнөөдөр хэрэгжиж байгаа Боловсролын тухай хуульд 25, Дээд боловсролын хуульд 10, Бага дунд Боловсролын хуульд 6, Сургуулийн өмнөх боловсролын хуульд 12 удаа тус тус нэмэлт өөрчлөлт орж байжээ. Багц хуулийн шинжилсэн найруулгын төсөлд авах саналыг бичгээр болон цахимаар авна. Цахимаар санал авах ажлыг 2021 оны нэгдүгээр сарын 1 хүртэл үргэлжлүүлнэ гэж УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хэллээ.
Цахимаар авах саналыг www.meds.gov.mn www.esis.edu.mn хаягаар авна уу.