4, 17-Р ХОРООНЫ ИРГЭДИЙН PCR ШИНЖИЛГЭЭ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хороо, Баянзүрх дүүргийн 17-р хороонд “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан өнөөдөр /2021.01.14/ өглөөний 06:00 цагаас эхлэн тус хороодын нутаг дэвсгэрт зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийж, коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд явуулын 34 баг, шинжилгээний 2 цэгт эрүүл мэндийн байгууллагын 200 гаруй ажилтан, цагдаа болон онцгой байдлын 300 гаруй албан хаагч ажиллах аж.

Шинжилгээнд дээрх хороодын 10 мянга орчим иргэнийг хамруулах бөгөөд хариу бүрэн гарсны дараа эцсийн халдваргүйтгэл хийж, зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг  цуцлах юм.

Энэ хугацаанд тус хороодод үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сангууд хэвийн ажиллана.

Мөн нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх байнгын үйл ажиллагаатай 30 шинжилгээний төвд өнөөдрөөс эхлэн харъяалал харгалзахгүй, зөвхөн шинжилгээний цаг авсан иргэдэд үйлчилнэ.

Тиймээс шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, мөн шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтой юм байна.

Орчуулах »