Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал 2021 оны 01 дүгээр сарын 13-ны лхагва гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хувийн их, дээд сургуулийн оюутнууд боловсролын зээлд хамрагдах боломжтой боллоо. Цар тахлаас үүдэн иргэдэд учирч буй санхүүгийн хүндрэлийг харгалзан “Боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-д өөрчлөлт оруулж, дотоодын их дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудад дараах хоёр хэлбэрээр 2020-2021 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр боллоо. Тодруулвал зөвхөн тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн сургуулиудад суралцаж байгаа оюутан суралцагчдыг боловсролын зээлд хамруулдаг байсан бол төрийн болон төрийн бус өмчийн дотоодын их дээд сургуульд, тэргүүлэх чиглэлийн болон, тэргүүлэх чиглэлээс бусад мэргэжлээр 2,8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнуудыг боловсролын зээлд хамруулахаар журамд нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр 2020-2021 оны хичээлийн жилд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс бусад мэргэжлээр 2,8-аас дээш голч дүнтэй төрийн өмчийн их дээд сургуульд суралцдаг, өмнө нь хүсэлт гаргасан 5000 гаруй оюутан болон дээрхи шаардлагыг хангасан хувийн өмчийн их дээд, сургуулийн оюутнууд шинээр хүсэлт гаргаснаар зээлд хамрагдах боломжтой болж байна. Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс бусад мэргэжлээр суралцаж байгаа оюутныг цар тахлын хүнд нөхцөлд суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг удаагийн арга хэмжээ болгон хэрэгжүүлж буй уг сургалтын төлбөрийн дэмжлэгт шаардагдах санхүүжилтийг БШУ-ны сайдын 2021 оны төсвийн багц дахь Оюутны хөгжлийн сургалтын зээлийн зориулалтаар батлагдсан 24,8 тэрбум төгрөгөөс санхүүжүүлнэ. Мөн Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр элсэгчдийг ЭЕШ-ын 501-ээс дээш оноо авсан бол хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрөөс чөлөөлж, төрөөс 100 хувь олгодог байсныг ЭЕШ-ын босго оноог 450 болгон буурууллаа. Энэ шаардлагыг хангасан 1536 оюутан байгаа бөгөөд тэдний төлбөрийн дэмжлэгт нийт 3,1 тэрбум төгрөг шаардлагатайг БШУЯ-аас санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Гамшгаас хамгаалах бүх нийтийн болон, өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан хичээл сургалтын үйл ажиллагааг теле, цахим хэлбэрт шилжүүлсэн хугацаанд оюутны сургалтын төлбөрийг хөнгөлөх, дараагийн улирлын болон жилийн төлбөрт шилжүүлэх журам гаргаж мөрдүүлж ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэнд даалгалаа.
Товчоор
– Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 01 дүгээр сарын 18 хүртэл зогсоосныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжүүлэхээр шийдвэрлэлээ. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх эрсдлийг бууруулах үүднээс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүнс, эм , эмнэлгийн хэрэгслийг долоо хоногт нэг удаа Алтанбулаг боомтоор улсын хил нэвтрүүлнэ. Ингэхдээ гадаадын тээвэрлэгчийн ачаатай чиргүүлийг боомтын хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлж авах байдлаар ачаа тээвэрлэлтийг зохион байгуулна. Энэ хүрээнд хүйтний улиралд ажиллах ариутгалын цэг байгуулах, хилийн хяналтын болон автотээврийн байгууллагын албан хаагчид байрлан ажиллах түр байр барих, хяналтын камерийн систем суурьлуулах ажлууд хийгдэнэ.
– Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатарын танилцуулга мэдээллийг Засгийн газрын гишүүд сонсов. 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөл, Дархлаажуулалтын зөвлөх хороотой хамтарсан хурал хийж, Pfizer, AstraZeneca, Moderna компаниудын вакциныг Монгол Улсад яаралтай журмаар бүртгэх зөвшөөрөл олгосон байна. Мөн вакцинд эхний ээлжинд хамрагдах халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнууд, эрхтэн шилжүүлэн суулгасан, гемодиализ эмчилгээнд ордог гэх мэт удаан хугацааны эмчилгээтэй өвчтөнүүд, 70-аас дээш насны ахмадуудын судалгааг гаргаж байна.