“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10:00 цагаас компанийн байранд боллоо. Дэлхий дахинд шинэ коронавирус халдвар тархаад буйтай холбогдуулан Улсын онцгой комиссоос ирүүлсэн зөвлөмжийн дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2020 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулав. Ээлжит бус хурлыг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал удирдсан бөгөөд хувьцаа эзэмшигч иргэдэд нээлттэй, цахимаар хэлбэрээр компанийн www.ett.mn вэб сайт болон www.facebook.com -ийн “1072 Хувьцаа Мэдэээллийн төв” хуудсаар шууд дамжууллаа. Хуралд компанийн төрийн эзэмшлийн саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхийг хэрэгжүүлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөлөл болон хараат бус гишүүд, компанийн удирдлагууд оролцов.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ногдол ашиг хуваарилалтын тайлан, явцыг танилцууллаа. Тэрбээр, компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь бүрэн эрхийнхээ хоёр жилийн хугацаанд нийт 47 удаагийн хурлаар 119 тогтоол гаргаж, хураангуй болон дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөн албажуулан ажилласныг дурдав. Танилцуулгын дараа Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийг дуусгавар болгох тухай болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэв. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн төрийн төлөөллийн гишүүнээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга Б. Энх-Амгалан, Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, Хараат бус гишүүдээр Д.Батхишиг, Ү.Амарбат, П.Өлзийнаран, Х.Болор-Эрдэнэ нарыг тус тус сонголоо. Мөн ээлжит бус хурлын үеэр цахим хэлбэрээр ирсэн асуултуудад холбогдох мэргэжилтэн хариулт өглөө. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нь 2020 онд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүд болон Улаанбаатар хотын утааг бууруулах “Тавантолгой түлш” ХХК-д шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэж ажилласныг хурлын үеэр онцлов