Улстөрийн ууган хүчин, эрх баригч нам түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх өдрийг ирэх гуравдугаар сарын 1-нээр товлолоо. МАН гэх далбааг нөмөрсөн ч жинхэндээ түмэн хэсэг бутарчихсан яваа энэ намын түүхэн ойгоор бэлэг нэрт бөмбөгийг хүний өөрийн намынхнаас хэд хэдээр нь тэсэлж мэдэх урьдчилсан прогноз байна.
Тухайлбал, М.Энхболд. Хэдийгээр Н.Энхбаяр шиг хүрч болох бүхий л албан тушаалд тухлаагүй ч дутахааргүй эрх мэдлийн цэнэг хураасан нөхөр. 100 жилийн түүхтэй энэ намд өөрийгөө дархалж, “Хотын фракц” хэмээх томоохон бүлэглэлийн жолоог атгаж яваа. Баргийн улстөрч мөрөөдөөд хүрэхгүй гишгүүр түүнийх. Хотын фракцийн дэмжлэггүйгээр албан тушаалд очиж чаддаггүй байсан үе МАН-д бий.
Тэрбээр улстөрийн ууган хүчний даргаар хоёр ч удаа сонгогдож байв. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн ч намын нөхдийн урвалтаас ялагдал хүлээж, улмаар эрх мэдэл нь сөөм сөөмөөр хумигдан эцэстээ 60 тэрбумын хэргээр “яллагдсан”.
Уг нь УИХ дахь бүлгээ ч байгуулах чадамжгүй болтол унасан намыг 65 суудалтай болгож өнөөдрийн эрх баригчдыг хоолтой нь залгуулсан хүн яалт ч үгүй М.Энхболд. Гэвч цагдаа цагийн найз гэгчээр аманд нь орох шахам алга нижигнүүлэн долоож явсан Л.Оюун-Эрдэнээс эхлээд өм цөм урвалтыг амсч, эцэст нь орох суух газаргүй болтол хөөгдсөнийг намынх нь түүхэнд бичигдэж үлдэх тэмдэглэлээс уншиж болно.
Энэ урвалт, энэ уналт түүний хувьд анхных байгаагүйтэй адил эцсийнх бас биш бололтой. 2007 онд “Элсний 13” гэх нүүдэл бий болж, намын дотоодод шуурга дэгдээн тухайн үеийн намын даргаар ажиллаж байсан М.Энхболдын эсрэг босч байв. Тэрбээр мөн л чимээгүй дүнсийж, элдэв үггүйгээр тахимаа өгөөд явсан. Гэхдээ эргэн ирэхдээ илүү хүчирхэгжээд ирж байсныг эрх баригчид мартаагүй байх.
2013 оны намын Их хурлаар дахин ялалт байгуулж, хотын фракцийг нийслэлийн төв цэгт тамгалав. Тааварлаагүй хөзөрт цохигдсондоо тэр их хурлыг Н.Багабанди, Ө.Энхтүвшин, Сү.Батболд нар орхин гарч, түүнийг дахин унагах шинэ төлөвлөгөө боловсруулж суусан гэдэг. Тэд боловсруулснаа 4 жилийн дараа хэрэгжүүлж Сү.Батболдын бүлэглэл цөмийг бүрдүүлэх байдлаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг хөмөрч, М.Энхболдыг нэгмөсөн хөөх ажиллагааг Зүүний хүчний холбоотой хамтран гүйцэтгэв. Хамтрах гэхээсээ илүү тэдний гараар могой бариулсан гэж болно. Гэхдээ үеийн үед зугтаж, цаг намжихаар хооллох гэж ирдэг Зүүний хүчний холбоо энэ удаад ганцаар тогтохгүй могой атгаж намын эрх мэдэлд хүрсэн билээ.
Харин М.Энхболд дахин ирж явна. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулж, намын даргаас нь буулгах ажиллагаанд Сү.Батболдоос гадна хотын фракц оролцохоор өндийж сэлэмт жанжныг барьц алдуулж эхэлсэн. ХҮК-ийг унагах ажиллагаанаас М.Энхболд татгалзах шалтгаан угаас байхгүй. Парламент дахь фракцийн төлөөлөл нь Засаг унагах ажиллагаанд гарын үсэг зурахад бэлэн.
Тэр өнгөрсөн хугацаанд огт зүгээр суугаагүйг бид харж байна. Олон улсын парламентын холбоог хөдөлгөж, Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон асуудлыг анхаарлын төвд аваачсан. Европын холбоо хүний эрхийг гадаад харилцаа болон Олон улсын хамтын ажиллагаандаа нэн чухлаар тавина гэж зарласан нь Монгол Улсад, тэр дундаа эрх баригчдад өгсөн анхааруулга болов. Тиймдээ Ж.Эрдэнэбаттай холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээс эмээж, асуудал гацан шүүх хурлыг нь ч хойшлууллаа.
Миеэгийн хөдөлгөөнийг мэдэрсэн тул УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Ерөнхий сайдын өрөөгөөр ороод гарахдаа “ХҮК осголтын байдалтай сууж байна лээ” гэсэн нь долоолт гэхээс илүү хоёрдмол утгатай егөө байсан гэлцэж байна. Уг нь гүйцэтгэх засаглалын тэргүүний хоёр бөөрнөөс салахаа больсон Ж.Мөнхбатыг концессийн хэргээ далдлахын тулд М.Энхболдоос нүүр буруулсан гэдгийг намынхан нь мэднэ. Өмнөх парламентад ам нээвэл Ерөнхий сайд руу асаж, арслан барс мэт арцалдаж байсан бол өдгөө тайвшруулах тариа хийлгэсэн амьтан шиг номхорч, ноосондоо баригдсан нохой шиг дуу ч гарахаа больсон нь үнэн. Ямартаа ч мөрдэсээ хуулдаг цэрэг шиг болсон түүний халаасанд хотын фракцаас өгсөн хийж гүйцэтгэх ажлын даалгавар бий гэх шуум намын нөхдийн нь дунд яригдаж эхэллээ.
Ер нь бол М.Энхболдод У.Хүрэлсүхийн эсрэг хаях мөнгө, хүч чадал хангалттай. Улс төрд унаж, босч яваа түүнд урныг байг гэхэд урагш түлхэх нүүдэл үлдсэн л байгаа. Чимээгүйхэн дүнсийх тэрбээр тийм ч муу тоглогч биш. Нэг ч төгрөгийн хувийн бизнесгүй атлаа хотыг удирдах эрх авч, нэг ч компанийн хувьцаагүй атлаа улс төрийн шатаар дандаа өгссөнийг нь мартаж болохгүй.
Т.Бадамжунай, Эрдэнэтийн 49 гээд ёстой л Хүкээс бусад нь түүнд бий. Тэгэхээр М.Энхболдын халаасан дахь хөзрийн мод хэн хүний сонирхлыг хамгийн ихээр татаж байна.
Хүсвэл өөрийнхөө хэдийг бөмбийлгөөд МАН нэрний өмнө хойно үсэг нэмээд, эсвэл бүр хасаад Н.Энхбаяр шиг туурга тусгаарлаад явчихаж ч чадах. Гэхдээ тэр бусдын хоолыг бэлдчихээд өөрөө амсалгүй явдаг “тогооч” биш.
Түүнээс урвасан нь бий ч үлдсэн лидер нь бас олон.
МАН-ын түүхэнд хэвлэлийн алба, хамгийн ойрын нөхөдтэй нь бүгд худалдагдан эсрэг ажилласан ганц улстөрч гэгддэг ч тэр унаагүйгээр үл барам түүхт 100 жилийн ойн босгон дээрээ жинтэйхэн нүүдэл, жигтэй бэлэгтэй эргэн ирж байгаа бололтой.