Цагаа олоогүй шийдвэр ямар мэдээ дуулгах бол

Цар тахалтай зохицож амьдраад үз хэмээн Засгийн газар шийдвэрээ гаргачихлаа. Өнөөг хүртэл авч байсан арга хэмжээнүүд нь бүгд үр дүнгүй байж, цар тахлын өмнө бууж өгсөн гэдгээ мэдэгдсэнтэй ялгаагүй шийдвэр байв.

Гэхдээ 7 хоногийн дараа дахин хааж, та нарыг суллаж тавих нь ямар хор хохиролд хүргэхийг өөрсдөө харав уу гэх ам асуусан “шийтгэл” агуулсан түр зуурын шийдвэр гэдгийг тодорхой хүрээний эх сурвалжууд хэлж байна. Ялангуяа эл саналыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы зүгээс гаргаж, Ерөнхий сайд уухайн тас дэмжсэн гэж байгаа.  

Уг нь “Ачтан” эмнэлгээс эх уурхайтай “Мөнгөнгүүр”, “Family med”, “Сонгдо” эмнэлэг, Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтнууд халдварт өртсөн. Ачтан эмнэлгийн ажилтнуудын байр, орц, компанийн ажилчид болон гэр бүлийн хавьтлуудтай холбоотой голомт нэлээд өргөн хүрээнд тархах нь тодорхой харагдаж байна. Өнөөдөр гэхэд Баянгол дүүргийн хоёр байрны 6 хүнээс халдвар батлагдсаны дотор 13 настай охин ч байгаа юм. Хамгийн түгшүүртэй нь тандалтын журмаар иргэдийн дундаас санамсаргүй байдлаар түүвэрлэн хийж буй шинжилгээнээс 4 илэрлээ. Эдгээрээс “Сонгдо” эмнэлгийн халдвар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн тархалт шиг тоймгүй цар хүрээг хамрахаар харагдаж байгааг эх сурвалжаас өгч байна. Одоогоор тус эмнэлгийн нэгдүгээр хавьталд 160 гаруй хүнийг тогтоон, шинжилгээнд хамруулжээ.

Мэргэжлийн гэх тодотголтой сайд Т.Мөнхсайхан “2 болон 3 дугаар сард эмнэлгүүдийн орны ачаалал эрс нэмэгдэж, хөнгөн өвчтнийг хүлээж авах боломжгүй болно” гэж мэдэгдэж байсан. Ийнхүү мэдэгдэж байсан сайд вирусын тархалтын оргил үе, хамгийн хүнд үе рүүгээ орж байгаа энэ өдрүүдэд хөл хориог сулруулах саналыг яагаад оруулав.

Уг нь Ерөнхий сайдын зөвлөх хөл хориог сунгах, тэр бүү хэл, чангаруулах саналыг хэлсэн гэж байгаа. Нөхцөл байдал улам хүндэрснийг өнөөх мэргэжлийн зөвлөл, Эрүүл мэндийн байгууллага, Улсын онцгой комиссоос хэлж, хөл хориог 14 хоногоор үргэлжлүүлэн сунгах саналыг Ерөнхий сайдад өгсөн байна. Гэтэл У.Хүрэлсүх, Т.Мөнхсайхан нар хөл хориог сулруулах нь зүйтэй хэмээн муйхарлаж, эцэстээ олон нийтийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулахуйц цагаа олоогүй шийдвэрийг ийнхүү гаргасан нь ихээхэн сэжиг төрүүлж байгаа юм.  

Орчуулах »
error: Content is protected !!