-ЗАСГИЙН ГАЗАР БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ҮГ ДУУГҮЙ ОГЦРОХ НОЦТОЙ ФАКТ БИШ ҮҮ, ЭНЭ-
Улсын онцгой комисс “Коронавирусийн халдварыг дотооддоо алдлаа” хэмээн 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний үүрийн 06:00 цагт зарлаж, хот хоорондын зорчигч тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөн, нийслэлийн бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг хааж байв.
Олон улсын ачаа тээврийн жолооч “Энхсаран” сувилалд 21 хоног тусгаарлагдаж байгаад тусгаарлалтаас гарах үедээ халдвар авсан. Улмаар халдвар авснаа мэдэлгүй гэртээ гарсны дараа тоглолт үзсэн гэхчлэн Монгол Улсын дотоодод, ард иргэдийн дунд халдвар алдсан эхний мэдээллүүдийг өгч байлаа.
Тухайн үед жолооч Д-гийн хавьтлуудтай хамааралгүйгээр Сэлэнгэ, Дархан-Уул, БЗД-ийн 4-р хороо, Төмөр замд гэхчлэн халдварын тохиолдлууд илэрч, гэнэтийн мэдээллийн шоконд орсон иргэд эхний ээлжинд юу болоод байгааг ч ухаж сөхөх боломжгүй, бүх зүйлд тулгамдаж байв.
Арга ч үгүй. Коронавирус дотоод алдсан гэж зарлахын өмнөх өдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Эрүүл мэндийн яамны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл халдварыг дотоодод алдаагүй хэмээн ярилцлага өгч, түүнээс даруй 7 хоногийн өмнө ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Сүүлийн өдрүүдэд Монгол улс дотооддоо халдвар алдлаа гэх ташаа мэдээлэл иргэдийн дунд тархаж байгаа нь харамсалтай. Бид хичээж байхад саар мууг ярилгүй сайн сайхныг нь олж хар” хэмээн загнаж байсан юм.
Гэтэл Эрүүл мэндийн яам, эрх баригчид өнөөдрийг хүртэл ард иргэдээ, цаашлаад ДЭМБ-ыг хуурч байсан байж болзошгүй бичлэг ил болов. Бичлэгт ЭМЯ-ны удирдах ажилтнууд болон Улсын онцгой комиссынхны цахим хурал бололтой дүрс гарч хоёр эмчийн “10 сарын 16-нд лабораториор оношлогдсон юм байна” гэх шивнээ тод сонсогдоно. Микрофон нээлттэйг анзааралгүй шивнэлдэж байсан тэдний яриаг бусад нь анхааруулан зогсоож байгаа нь ч хурлын бичлэгт үлджээ. Өөр бусад ноцтой бичлэгүүд ч хэд хэд бийг эх сурвалжаас хэлж байна.
Тэгэхээр эл бичлэг болон жолооч Д-гийн цаг хугацаатай зэрэгцэн Сэлэнгэ, Дархан, Баянзүрх, төмөр зам гэхчлэн олон олон голомтот халдвар бүртгэгдэж байсан нь ЭМЯ, УОК, Монгол Улсын Засгийн газар өнгөрөгч аравдугаар сарын 16-нд дотоодоос анхны халдвар илэрснийг нуусан байх өндөр магадлалтайг харуулж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Орон нутгийн сонгууль зохион байгуулах үеэр дотооддоо халдвар алдсан болж таарч байна. Тухайн үедээ үнэнийг мэдээлсэн бол сонгуулийг эмх замбараагүй зохион байгуулсан эрх баригчдыг буруутгах байсан тул нуухаас аргагүй шийдэлд хүрсэн байх нь.
Харин нийтэд мэдэгдэх нь цаг хугацааны л асуудал болж, түүнээ олон түмэнд хэрхэн яаж мэдээлэх вэ гэдэг дээр эрх баригчид тархиа гашилгаж байв уу….
Магадгүй жолооч Д нь “Энхсаран” сувиллын тусгаарлалтаас халдвар аваагүй, эрүүл байсан юм биш байгаа. Нийтэд мэдээлэхэд ноцтой шалтаг хэрэгтэй байсан эрх баригчдад жолооч Д-гийн тоглолт үзсэн нь олз болсон юм биш биз. Эсвэл Д-г тусгаарлалтад байхдаа халдвар авсныг мэдсэн ч мэдээгүй царайлан гаргав уу… Тухайн үед жолооч Д болон Сэлэнгэ, Дарханаас илэрсэн гэх анхны эмэгтэй хоёрын маршрутыг айхтар зураглан гаргаж байсан ЭМЯ түүнээс хойш яагаад нарийн мэдээлэл гаргахаа больж, гацав. Яагаад дэлгэрэнгүйг асуусан сэтгүүлчдэд аашлах болов…
Эхэн үед маршрутын ийм нарийн, тодорхой гаргаж байсан УОК яагаад таг болов…
Ямартай ч Монголын дотоод дахь анхны халдваруудын илэрсэн дараалал, мөн микрофоноо хаалгүй ярьсан эмч нарын яриа Эрүүл мэндийн яаманд, тэр тусмаа эрх баригчдад эргэлзэх, тэднийг хардах ноцтой хардлагыг бий болгож байна. Ингэж хардах бүрэн үндэслэл бийг Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргилын “Сэлэнгэд өдөрт илрэх халдварын тоо яагаад буурахгүй байна гэж бодож байж магадгүй. Учир нь коронавирусийн халдвар Сэлэнгэ аймагт арваннэгдүгээр сарын 11-нээс ч өмнө аль хэдийн тархчихсан байсан байна” гэсэн үг давхар батлаад өгчихөж байгаа юм.
Үүнтэй зэрэгцэн өнөөдрийг хүртэл давхардаагүй тоогоор 1 сая 200 мянган иргэндээ шинжилгээ хийсэн гэх ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээллээр өгсөн тоон дүнгээс ДЭМБ-д нийлүүлдэг тоон дүн нь 500-600 мянган иргэнээр зөрүүтэй байгаа нь анхаарал татаж эхлэв… Түүнчлэн халдвар авсан иргэдийн тоог дарж байгаа юм биш байгаа. Ойролцоо хүн амтай улсын 500-700 мянган хүнд хийсэн шинжилгээнээс багадаа 20000 хүнээс халдвар илэрч байхад манайх 1400 халдвар тээгчтэй байгаа нь үнэн үү!!! Халдвартай иргэдээ бүрэн илрүүлж чадахгүй байна уу, эсвэл тоог дарж мэдээллээд байгаа юм биш биз. Олон улсад өгч буй албан ёсны тоон мэдээнд өнөөдрийн байдлаар гэхэд 717 484 иргэнд шинжилгээ хийсэн гэж өгсөн атлаа 11:00 цагийн мэдээллээр 1 200 000 мянган иргэндээ шинжилгээ хийгээд байна гэх илт зөрүүтэй мэдээлэл өгч буйн учир юу билээ.
Энэ нь тоон дүнгийн алдаа юу, тоо дагасан мөнгөний асуудал уу гэх өөр нэг ноцтой хардлагыг мөн бий болгож байна.