Шадар сайдын ажлын хэсэг хуралдаж энэ сарын 11-нд буюу ирэх даваа гаригаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах нь зүйтэй гэж үзжээ.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Онцгой комисс одоо хуралдаж зэрэглэл бууруулснаар ажиллаж болох салбаруудын асуудлыг хэлэлцэх юм байна. Эндээс гарсан шийдвэрийг өнөөдөр оройн 19:00 цагаас олон нийтэд хүргэнэ.
Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос өнөөдрийг хүртэл 300 гаруй хүн халдвар авсан. Цаашид эл голомт шиг том цар хүрээнд алдчихгүй л бол хэсэгчилж хязгаарлалт хийх байдлаар халдварын хүрээг тогтоон, тандалт хийж явах гэнэ.
Тухайлбал, Баянгол дүүргийн 5 болон 6-р хорооны 8000 өрхийн 23 мянга орчим иргэнийг хязгаарлан тандаж байгаа шиг ажиллах боломжтой гэж үзжээ.
Нэг үгээр хэлбэл аж ахуйн нэгж, иргэн бүрт халдвар хамгааллын дэглэмээ ягштал барих үүрэг хариуцлагыг нь үлдээгээд цар тахалтайгаа зэрэгцэн ажиллаж, амьдрах замыг сонгов бололтой.