Ял эдэлж дууссан иргэдийг албадан гаргана

Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас нутаг буцах боломжгүй байсан хөдөлмөр эрхлэгч БНХАУ-ын  250 иргэнийг хоёр улсын Засгийн газар харилцан тохиролцсоны дагуу нутаг буцаах ажиллагааг өнөөдөр зохион байгуулжээ.

Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор гадаадын иргэдийг эх оронд нь буцаах ажиллагааг Гадаадын иргэн, харьяатын газар, Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан бөгөөд эдгээр иргэд нь  Монгол Улсад өнгөрөгч оны 9, 10 дугаар сард хөдөлмөр эрхлэх визээр ирж оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан иргэд аж.

No description available.

Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний  буюу 840 000 төгрөгийг сар бүр ажлын байрны төлбөрт төлдөг байна. Дээрх иргэд нь Монгол Улсад 3 сарын хугацаанд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй байсан бөгөөд улсын төсөвт дунджаар 600 орчим сая төгрөгийн татвар хураамжийг тушааж, аливаа зөрчилд холбогдоогүй гэнэ.

Цаашид хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаа нь дуусч буй  иргэдийг үе шаттайгаар нутаг буцаах юм байна.

No description available.

Энэ талаар ГИХГ-ын хяналтын улсын байцаагч Ч.Өсөхбаяраас тодрууллаа.

БНХАУ-ын иргэдийг нутаг буцаасан байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Коронавируст цар тахлын хорио цээрийн үед нутаг буцах боломжгүй байгаа гадаадын иргэд Элчин сайдын яам болон манай байгууллагад хандаж буцах хүсэлтээ илэрхийлсэн. Үүний дагуу БНХАУ-ын Элчин сайдын яам болон хоёр улсын хил хяналтын байгууллагуудтай хамтран эх оронд нь буцаах ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Эхний ээлжийн 250 иргэнийг коронавирусын шинжилгээнд хамруулан, нутаг буцаах ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомт өглөөний 9 цагт түр нээгдэж, иргэдийг нутагт нь буцаасан.

Эдгээр иргэдийн дунд ихэвчлэн  ямар хүмүүс байсан бэ?

-Нутаг буцаж буй иргэдийн дийлэнх нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу УОК-ийн шийдвэрээр Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирсэн иргэд байсан. Улсын хэмжээнд хөл хорио тогтоосноор зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байгаагаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зорилгоор ирсэн иргэдийн дийлэнх нь эх орондоо буцах хүсэлтэй байна.

Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 840 000 төгрөгийг ажлын байрны төлбөрт сар бүр төлдөг. Энэхүү төлбөр нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зориулалтын санд төвлөрч, ажлын байр бий болгох, ажилгүйдлийг бууруулах арга хэмжээнд  зарцуулагддаг юм.

No description available.

Нутаг буцах хүсэлтэй иргэд манай байгууллагад болон БНХАУ-ын ЭСЯ-нд удаа дараа хандаж хүсэлт гаргасаар байгаа. Бид холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, хүсэлт гаргасан иргэдийг нутаг буцаах ажиллагааг дахин зохион байгуулна. Мөн Монгол Улсад байх хугацаандаа эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон болон улсын хилийг хууль бусаар нэвтэрсний улмаас шүүхээр ял шийтгүүлж ялаа эдэлж дууссан иргэдийг албадан гаргахаар ажиллаж байгаа.

Орчуулах »
error: Content is protected !!