Засаг тогтож үлдэхийн тулд онц байдал зарлах тухай яригдаж байна. Хүн малын гоц халдварт өвчин улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын эрүүл мэнд, амь нас, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулахуйц түвшинд хүрвэл зарлаж болох ч хонгор нутгийн эрс тийм амар зөвшөөрөхгүй байгаа бололтой.
Хаданд хавчуулагдсан халиуны зулзага болсон Ерөнхий сайдын замыг нээсэн хүн нь УИХ-ын гишүүн Сү.Батболд гэхэд хол зөрөхгүй. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах ажиллагааг Сү-гийн фракци гардан зохион байгуулж, гол цөмийг нь бүрдүүлээгүй бол У.Хүрэлсүхийн намын дарга, бас Ерөнхий сайд болох мөрөөдөл халаасанд нь үлдэх байв.
Гэвч тэжээсэн бяруу тэрэг эвддэгийн үлгэрээр Хүк өөрийн амжилтын суурь, дэм болсон бүгдээс нүүр буруулж, ялангуяа Сү.Батболдын фракцийг шахаж эхэлсэн. Тэрбээр М.Энхболд, Сү.Батболд нарын тодотголтой хэн бүрт хатуурхаж, 2020 оны сонгуулийн мандат олголтоос олон ч хүнийг “хассан”.
Үүнийхээ залруулгад сонгуулийн дараах Засгийн газрын бүрдүүлэлт дээр хальт тохироо хийсэн ч Сү.Батболд дахин далаараа тавиулж, хүссэн яамдаа авч чадаагүй.
Гэсэн ч Үндсэн хуулийн өөрчлөлтийг МАН-ын 64 гишүүн кнопдож, Ерөнхий сайдын эрх мэдлийг зузаатгасан ч У.Хүрэлсүхийн тоглолт мань эрийг манлайлагч болж чадаагүйг харуулсаар байгаа. Тэрбээр Сү-гийн фракцийг бүрмөсөн цавччих бяр дутдаг ч түүнийг тэгтэл өөд гаргахгүй байгаа. Хэдий тийм ч түүнд холбоотой томилгоонуудыг нь бас хөндөж дөнгөдөггүй. Тэр бүү хэл, олны зэвүүцэл дунд ширэн нүүрлэсээр Шадар сайдаар Я.Содбаатарыг, Тагнуулын ерөнхий газрын даргаар түүний нутгийн дүүг томилж, тал зассан.
Сэлэмт жанжин улстөрийн гялалзсан нүүдэлгүй хэрнээ, Сү.Батболдоос бүрмөсөн нүүр буруулчихвал М.Энхболдын хувь тавилан өөрт нь удахгүй ирэхийг нэг муу мэдээд байх шиг байгаа юм. Тиймдээ ч Ерөнхийлөгчийн сонгууль болтол Засгийн газрыг бүрэлдэхүүнээр нь ажиллуулж, наадмын дараа өөрчлөн зохион байгуулах хар зураг уг нь халаасалчихсан явсан гэдэг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд Сү-гийн фракцийн хүч, санхүүгийн дэмжлэгийг авч, улмаар ялалт байгуулж чадвал дараагийн Ерөнхий сайдаар Сү.Батболдыг нэрлэхээр тохиролцсон ч гэлцэж байв.
Гэхдээ хэлсэндээ хүрдэггүй, эргэж буцдаг “сэлэмт”-ийн өөр бусад фракци болон сөрөг хүчинтэй хийсэн ойлгомжгүй асуудлуудаас болсон уу, эсвэл Сү.Батболд нь мурисан уу.
УИХ-ын сонгуулийн дараа Сү.Батболд Ерөнхийлөгч Х.Баттулгаас дэмжлэг хүссэн гэх өөр нэг шуум эрх баригчдын намын байраар яригдаж эхэллээ. Тэрбайтугай Орон нутгийн сонгуулийн үеэр хүч хавсарсан тухай ч жиг жуг байна.
Иймээс энэ удаад Засгийн газрыг огцруулах ажиллагааг Сү.Батболдын фракциас эхлүүлж, Ерөнхийлөгчийн дэмжлэгээр УИХ дахь АН-аар могой бариулах “А” хувилбарт сценари бичигдсэн байж мэдэх. Нохойд барьдаг мод шиг болсон АН-ыг ашиглаж, Сү.Батболдын фракци идэвхийлэн үүнд нь хэзээнээс боломжийг отож байсан М.Энхболд буюу хотын фракци хүч хавсрах хар зургийн хуулбар хэд хэдэн нөхрийн халаасанд байна.
МАН-ын дотоод тэмцэл массад төдийлөн ил харагддаггүй ч хотын, Сү.Батболдын, Зүүний гэх мэт фракцууд үргэлж хэмлэлдэн, эрх мэдлээ булаалдаж байдаг нь үнэн. Тэр дундаа Сү.Батболдын буюу “МГИМО”-ийнхон нам дотроо томоохон байр суурь эзэлдэг. Түүнд намын дарга болох хэмжээний дэмжлэг, тойрон хүрээлэгч бий.
Засгийн газрыг ганхуулахад багадаа 26 гарын үсэг шаардлагатай. Одоогоор нэг гарын үсэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байгаа гэж байгаа. Сү.Батболдын хувьд хүсвэл энэ хэмжээний, үүнээс ч илүүг гаргах боломж бий. Тэрбээр Ерөнхий сайд асан С.Баяраар имиж хийж, намын гишүүдэд ил захидал шидүүлчихэд чамгүй дэмжлэг ороод ирнэ. Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэдэг дээ.
Гагцхүү ингэлээ гээд эргээд сэхэхгүйгээр унаж мэдэх хүн бол Сү өөрөө.
2008-2012 оны Засгийн газар нь 250 сая ам.долларыг Оюутолгойгоос, 350 сая ам.долларыг Тавантолгой төслөөс, 770 сая ам.долларыг Оюутолгойгоос эзэмших 34 хувийг барьцаалан зээл авсан байдаг. Зээлээ хэрхэн үр дүнтэй зарцуулсан бэ гэхэд л түүнд хариулт олдохгүй.
Асгатын мөнгөний орд, оффшор гээд тээгэлж унаж чулуу ихтэй. М.Энхболд 2016 оны сонгуулийн өмнө оффшорын асуудлаар хэлээ хазаад өнгөрсөн. АН оффшор бүсэд бүртгэлтэй С.Баярцогтоос нүүр буруулж байхад тэрбээр Сү.Батболд, Д.Цогтбаатар нарыг чимээгүй нэр дэвшүүлсэн. Тэдэнд сайндаа биш, мань хоёрыг дэвшүүлэхгүй бол М.Энхболдын цаг тухайн үеийн сонгуулиас урьтаж зогсох байсан юм.
Харин Х.Баттулгын хувьд хэдийгээр Ерөнхийлөгчид нэр дэвших эсэх нь эргэлзээтэй байгаа ч МАН дотор гал авалцан хагаралдаж, хэрүүл шуугиан өрнөж байх нь ашигтай.
Тэгэхээр Сү.Батболд Ерөнхийлөгчид нэр дэвшиж магадгүй, АН-аас Ц.Оюунгэрэл намынхаа сунгаанд оролцоно гэхчлэнгээр олон нийтийн сэтгэл зүйг тандах маягтай мэдээлэл, өлсгөлөн нохдод гуя шидэж өгөн уралцуулах зэрэг тактик түүнийх байж магад. Хэрэв мөн бол дахиад хэдэн ч хүний нэр чулуудагдаж хар массаар өндөг шидүүлэх биз.
Ямартай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх цар тахлын хажуугаар эдийн засгаа сэргээх их үүргээс гадна нам доторх эрх мэдлийн төлөөх галыг намжаах, танхимаа хамгаалж үлдэх арга саам хайх гэхчлэн ихэд завгүй байх болов.
Түүний Онц байдал зарлах саналыг Ерөнхийлөгч зөвшөөрвөл тэд тодорхой зүйл дээр тохиролцсоны тэмдэг болох биз ээ.