–Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг Улсын онцгой комиссын дарга, шадар сайд Я.Содбаатартай нь хамт яаралтай өөрчилж солихгүй бол энэ хотын иргэдэд эрүүл, амьд явах баталгаа үлдэхгүй нь-
Засгийн газраас юу ч хийж амжихгүй, ямар ч судалгаа тооцоололгүй 5 хоногийн хугацаатай сунгасан хөл хорио өнөөдрөөс эхэлж байгаа… Ийм ноцтой тахлын үеийн хөл хорио сунгах шийдвэрийг өөрсдийн хийсэн судалгаа, нөхцөл байдал дээр тулгуурлан шийдвэрлэлгүй, ард олны 70 хувийн саналаар сунгалаа хэмээн мэдэгдэж суугаа дэндүү хариуцлагагүй, увайгүй, чадвар мөхөс Шадар сайдтай юм.
Гэтэл эх үүсгэвэр, хаанаас эхлэлтэй нь тодорхойгүй халдварын 2 голомт байсны дээр өчигдрөөс “Ачтан элит” эмнэлгийн эмч ажилтнуудын голомт дахин нэмэгдлээ. Тус эмнэлгийн эмч ажилтнууд хаанаас авсан нь тогтоогддог юм гэхэд баяр дамнасан 10 хоногийн амралтын өдрүүдээрээ хаагуур явж, хаана тараасныг хөөж тогтоох ажлыг ийм сул дорой УОК, НОК, ЭМЯ хийж гүйцэтгэж амжих уу.
Тэртэй тэргүй маршрут тогтоож чадахгүй, амжихгүй, IT технологийн салбараа ашиглаж дөнгөхгүй байгаа манай улс энэ 5 хоногт хумих байтугай шинэ нэмэгдсэн голомтуудаа учрыг нь олж дийлэхгүй нь тодорхой. Ийм чадамжгүй Засгийн газар, ийм үлбэгэр Эрүүл мэндийн сайдад итгэхгүй байна. Я.Содбаатар үнэхээр массын саналыг сонссон нь үнэн бол олон нийт чинь уг нь үлгэн салган, сунжирсан 14 хоногуудаа больж, нэгмөсөн 14 хоногийн 0 зогсолт болтугай хийгээд хумиад аваач гэж хүсч байсан юм шүү дээ.
Тархалтыг зогсоох байтугай тарамдуулаад, тараагаад хаячихсан бүтэлгүй хоёр сараас чинь залхаж иргэд дахиад ийм лойчихсон хоног өдрүүдийн оронд бүсээ чангалаад 14 хоноё, тэр хооронд хариу арга хэмжээг тултал аваадхаач гэсэн боловч ийнхүү хэнд ч хэрэггүй 5 хоног сунган оромдов. Халдварыг нийтийн дунд тэгтлээ ч алдчихаагүй, цурманд оруулж дөнгөх байсан хоёр сарын хугацааг чадвар чадамжгүйн гайгаар эрхэм Т.Мөнхсайхан гуай зүгээр л тавиад туучихлаа. Энхсарангаас голомтолсон Хархан нүдэн тоглолт үзсэн жолооч залуугаас эхтэй халдварыг л тогтоон барьчихсан бол, эмнэлэг, эрүүл мэндийн салбарынхаа дотоод дахь халдвар хамгааллаа чанд сахиулчихсан бол аль хэдийнэ бүгдийг цурманд оруулчих байв. Сэлэнгийн болоод төмөр замын үүсгэлтэй голомтыг чинь Сэлэнгэ, Дархан, Эрдэнэтийнхэн барьчихлаа шүү дээ.
Дэлхийн улс орнуудын жишгийг больё, угаасаа манай лидер биш лойдор удирдагчид ойлгох ч үгүй бололтой. Зүгээр л төмөр зам, ачаа тээвэр, хил гааль дагасан халдварыг дараад авсан Дархан-Уулын туршлагыг хэрэгжүүлчих л дээ.
Хятадын Ухань хот 11 сая гаруй хүн амтай. Халдварын голомтыг 50 хоногийн дотор хумиж дөнгөсөн. Улаанбаатар Ухань хотоос арав дахин цөөн хүн амтай. Гэтэл 2 сарын хугацаанд хөл хорио нэрийн дор хувийн хэвшлүүдээ дампууруулж, иргэдийнхээ амин зуулгыг таслав.
Хөл хорио нэрээр автобусанд шамбааралдуулж, архи дарс байтугай QR код нь шагийн хэлбэрт шилжиж, албан тушаалтнууд хотын гудамжаар түгжрэлгүй явж нийгмийн анги давхаргын ялгааг улам бүр тодруулснаас өөр юу ч өөрчлөгдсөнгүй. Эцэстээ -35-40 хэмийн хүйтэнд цэрэг цагдаагийнхан нь осгож бээрсэн эмгэнэлт мэдээ тасрахаа болив.
Эцэстээ хувь, хувьсгалын бүх эмнэлэг эрүүл мэндийн байгууллага эрсдэлт бүс боллоо. Ард иргэдээ эмчилж хамгаалах бус, халдварт өртүүлж мэдэх хамгийн аюултай салбар нь Эрүүл мэндийн салбар өөрөө болж байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн дотоодоос алдсан халдварын улмаас өнөөдөр хоёр дахь хүн нас барлаа. Үүнээс цааш Т.Мөнхсайхан гэх хүнээс итгэл найдвар, авралын гарц хүлээлтгүй болов.
Иргэд чинь эрүүл мэндийн ямар ч тусламж үйлчилгээ авах нөхцөл боломжгүй болж байна, Ерөнхий сайдаа…
Үүнээс илүү ямар шалтаг шалтгаан хэрэгтэй юм бэ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг Улсын онцгой комиссын дарга, шадар сайд Я.Содбаатартай нь хамт яаралтай өөрчилж солихгүй бол энэ хотын иргэдэд эрүүл, амьд явах баталгаа үлдэхгүй нь, эрх баригчдаа!!!