Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр “Чадварлаг багш” хөтөлбөрийг хэлэлцэн дэмжиж, хөтөлбөр, төлөвлөгөөг баталж, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнд даалгалаа.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлж, мэргэжлийн стандартыг нэвтрүүлэн, үнэлэмжийг хөдөлмөрийн бүтээмж, гүйцэтгэлд суурилсан тогтолцоонд шилжүүлнэ хэмээн тусгасан. Хөтөлбөрийг багш бэлтгэх, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, багшийн ажлын нөхцөл, цалин хөлс зэрэг чиглэлийн хүрээнд хэрэгжүүлнэ.
Халдварт цар тахлын өнөөгийн нөхцөлд боловсролын үйл ажиллагааг тасралтгүй явуулах хүрээнд багш нар теле хичээл, зайн болон цахим сургалтыг хийж байгаа. Техник технологийн хөгжил, онцгой нөхцөл байдалд багш нар шинэ ур чадвар, дадалд суралцах, технологи ашиглан суралцагчидтайгаа харилцах зэргээр тасралтгүй хөгжих нөхцөл үүсээд байна.
Багш мэргэжилтний тасралтгүй хөгжлийг боловсролын чанарыг сайжруулах тулгуур зорилт болгон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050” болон Боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан юм.