Ажилтнуудаа эрээ цээргүй бөхийлгөсөн Цэс хайрханд итгэх зай үлдсэн үү

-Хуучин шил ашигласан байлаа гэхэд ариутгал хийгдсэн нь үнэн үү-

Оны өмнөхөн, 2020 оны арванхоёрдугаар сарын 11, 12-ны өдөр буюу иргэд шинэ оны баярын ширээгээ засах ид бэлтгэл ажлын эхэн үеэр “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, импортыг орлох дотоодын үйлдвэрийн оргилуун дарсаа авч ЭХ ОРОНч худалдан авалт хийхийг та бүхнээс хичээнгүйлэн гуйж байна. Бид энэ жилийг тэсч гарвал илүү их хичээх болно” гэж Цэс Хайрхан хариуцлагатай хувьцаат компани өөрийн “Luhurious Sparkling Wine” цахим хуудсаараа өрөвдүүлсэн өнгө аяс бүхий ГУЙЛГА гуйж байв.

Тэртэй тэргүй хаана хаанаа эдийн засаг хүнд хэцүү болж, хөл хорио, цар тахлын улмаас аж ахуйн нэгж байтугай айл өрхийн амьдрал хүнд байгаа үед өрөвч монголчууд сошиал даяараа өрөвдсөн, оргилуун дарс авахаас хойш тус үйлдвэрийн дарсыг худалдан авахыг уриалж, тэр хэрээрээ ихэнх өрх эл гоёмсог шошго бүхий “LUXURIOUS” нэрт бүтээгдэхүүнийг авсан байдаг.

Харамсалтай нь “LUXURIOUS” шошгийн цаанаас “Советское”, “Тансаг” нэрт оргилуун дарсны шошгууд гарч хэрэглэгчдээ хуурч мэхэлсэн гэх дуулиан тариад байна.

Эл зөрчлийн асуудалтай холбогдуулан 2021 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр “Цэс хайрхан” ХХК-ийн дарсны үйлдвэрийн удирдах бүрэлдэхүүнийг байлцуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийсэн.

Үйлдвэрийн удирдлагууд “LUXURIOUS” нэрийн 12879 ширхэг оргилуун дарс үйлдвэрлэж нийлүүлсэн, эдгээрээс 2000 орчим дарсыг гадуураа цагаан өнгийн шошгоор бүрсэн гэх мэдээллийг өгч байгаа юм.

Шалгалтын явцад агуулахын үлдэгдэл дарсыг битүүмжилж, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Миний дэлгүүр сүлжээний 3 салбар, Номин, Баянзүрх зах, Амгалан зах, Генерал төв, Сарнайх ХХК, Хайлааст зэрэг дэлгүүрт шалгалт хийж, шошгын зөрчилтэй оргилуун дарсыг буцаан татсан байна. Улмаар тус аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг нээж, хяналт шалгалт үргэлжилж байгаа.

 Харин Цэс Хайрхан ХХК нь 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний үйлдвэрлэлд хэрэглэхээр төлөвлөсөн шинэ шилэн лонх гааль дээр саатсан тул цөөн тооны бүтээгдэхүүнд манай үйлдвэрийн бусад оргилуун дарс болох “Советское” болон “Тансаг” бүтээгдэхүүнийхээ шилэн лонхыг үйлдвэрлэлийн ном журмын дагуу ариутган цэвэрлэж “LUXURIOUS” оргилуун дарсыг савлаж, худалдаалсан. Иймд зөрчлөө ухамсарлан үндэсний үйлдвэрлэгчдийн нэр хүндийг сэвтээж, хэрэглэгчдийн итгэлийг алдсандаа гүнээ харамсан уучлалт хүсэж байна гэжээ. Улмаар удирдлагын багийн зүгээс дотоод хяналт шалгалт хийлгүй хариуцлага алдаж, 2020 оны арванхоёрдугаар сарын 11-нд үйлдвэрлэлд хэрэглэсэн хуучин шилэн лонхны лазераар шивэгдсэн он сарыг сайтар арилгалгүй давхар шошготой бүтээгдэхүүнийг хэрэглэгч, харилцагчдадаа нийлүүлсэндээ дахин дахин УУЧЛАЛ хүсье хэмээн алдааг ажилтнууддаа чихсэн давхар санааг шингээлээ.

Харин энэхүү гэмшсэн залруулгыг иргэд төдийлөн нааштайгаар хүлээн авахгүй байгааг цахим орчинд дургүйцлээ илэрхийлсэн олны сэтгэгдлээс харж болно. Шилний хомсдлоос болж хуучин шилийг эргүүлж ашигласан байлаа гэхэд ариутгал огт хийгдээгүй, эсвэл дутуу цэвэрлэсэн шил ашиглаж ариун цэвэр эрүүл ахуйн ноцтой зөрчил гаргасан хэмээн дийлэнх иргэд үзжээ.

Тэрчлэн цар тахал, эдийн засгийн хүнд үед хугацаа нь дууссан тэмдэглэгээтэй “Советское”, “Тансаг” нэрт дарснуудыг ийнхүү өөр шошго наан борлуулсан гэх хардлага тээсэн буруутгал ч их байгаа юм.

Энэ бүгдээс хамгийн таагүй нь тус компани ямар ч алдаа гаргасан байлаа гэхэд ажилтнуудаа өмнөө гаргаж бөхийлгөсөн нь увайгүй, ёс зүйгүй газар гэдгээ нотоллоо гэх шүүмжлэл хүчтэй байна.

Үнэхээр ч ажилтнуудаа эрээ цээргүй бөхийлгөсөн эл зураглалыг хараад ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцын “Дайны шугамаас цэргээ орхидог дарга байдаггүй шиг би ч хамтран зүтгэгчдээ орхидог генерал биш. Үнэн мөнийг олтол хамт зүтгэнэ” хэмээсэн гайхалтай үг санагдаж байгаа юм.

Хэвлэл мэдээллийн салбарт хүртэл сэтгүүлч нь алдаа гаргахад хууль шүүхийн өмнө удирдлагууд өөрсдөө очдог алтан зарчим бий. Гэтэл “Цэс Хайрхан” компани хичнээн буруутай ч захирал удирдлагууд нь бус эгэл ажилтнуудаа түмний өмнө бөхийлгөснөөрөө цаашид ч хэрэглэгчдийн итгэлийг даах уу гэх эргэлзээг төрүүлж байгаа нь үнэн билээ.

No photo description available.
Орчуулах »
error: Content is protected !!