Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусний цар тахлын байдал дордож байгаатай холбогдуулан Англи даяар хорио цээрийн дэглэм тогтоож байгаагаа мэдэгдлээ.
Энэхүү хорио цээрийн дэглэм нь тус улсын хувьд гурав дахь нь болж байгаа бөгөөд хамаагүй хатуу байна. “Та бүхэн яг одооноос дүрэм журмаа дагаж эхлэх хэрэгтэй. Харин лхагва гарагаас парламент хуралдахад эдгээр журам хууль болно” гэж Борис Жонсон цохон тэмдэглэжээ. Тэрбээр Их Британийг хүнд хэцүү цаг үе хүлээж байгаа боловч итгэл найдвараа алдаж болохгүй хэмжээн анхааруулсан байна. Мөн тэрбээр, хорио цэрийн дэглэмийн дуусах хугацаа халдварын динамикаас шалтгаална хэмээн мэдэгдсэн байна.
Мягмар гаргаас эхлэн дараах журмууд хэрэгжинэ:
- Гуравдугаар сард тогтоож байсан дэглэмтэй адил онцгой тохиолдлоос бусад үед гэрээсээ гарахыг хориглоно
- Иргэдэд агаарт дасгал хийх, эмчид үзүүлэх, дэлгүүр орох зорилгоор л гэрээсээ гарч болно, мөн гэрээсээ ажиллах боломжгүй хүмүүс ажилдаа очиж болно. Архаг хууч өвчинтэй хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ
- Бүх сургууль, коллеж хоёрдугаар сарын амралт хүртэл алсын зайн сургалтад шилжинэ
- Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг, ясли нээлттэй хэвээр байна
- Их сургуулиудын оюутнууд амралт дууссаны дараа хотхондоо эргэж ирэхгүй бөгөөд алсын зайнаас хичээлээ үргэлжлүүлнэ
- Зоогийн газрууд хүргэлтийн үйлчилгээгээ үргэлжлүүлэх боловч согтууруулах ундаагаар үйлчлэхгүй
- Сонирхогчдын тамирчдын үйл ажиллагааг цуцалж байгаа боловч мэргэжлийн тамирчид, тухайлбал хөл бөмбөгийн дээд лигийн тоглолтыг үргэлжлүүлнэ
Сүүлийн долоо хоногт тус улсад өдөрт 50 мянга гаруй халдвар бүртгэгдсэн байна. Даваа гарагт 58 784 шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болжээ.