2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын амралтыг үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор ахлах анги буюу 10-12 дугаар ангийн сурагчдад зориулсан цахим хичээлийг багш нарынхаа сайн дурын оролцоонд тулгуурлан эхлүүлсэн. 2020 оны 12 дугаар сарын 28-аас 2021 оны нэгдүгээр сарын 1-нд нийт 548 багш цахим хичээлийг удирдан зохион байгуулж, давхардсан тоогоор 43.247 сурагч оролцож, нийт хандалт 258.386-д хүрчээ.
Цахимаар хичээл орж буй багш нартай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Дэд сайд Г.Ганбаяр болон яам, мэргэжлийн байгууллагын холбогдох хүмүүс, мэдээллийн технологийн “A plus” компанийн төлөөлөл өнөөдөр цахимаар холбогдож, хичээл сургалтын үйл ажиллагааг улам боловсронгуй болгох талаар санал солилцлоо.
Энэ хичээлийн жилд 10-12 дугаар ангид нийт 101.780 сурагч суралцаж байна. Цахим хичээлд 30.112 сурагч тогтмол хамрагдаж байгаа нь 3 хүүхэд тутмын 1 нь цахим хичээлээ үзэж байна гэсэн үр дүнг харууллаа гэдгийг сайд Л.Цэдэвсүрэн хэллээ. Сум, орон нутгаас холбогдсон зарим багш манай сургуулийн хүүхдүүд цахим хичээл үзэх эрмэлзэлтэй байна, тиймээс и мэйл хаяг, цахим программтай ажиллах аргачлалыг орон нутгийн хүүхдүүдэд таниулах шаардлагатай байна гэлээ.
Цахим хичээл нь нэгдүгээр улирлын амралтын туршид ажлын өдрүүдээр хуваарийн дагуу үргэлжлэх бөгөөд нэгдүгээр улирлын агуулгыг сэргээн сануулах, бататгах, давтах болон сурагчид, эцэг эхчүүдэд туслах, багшид дэмжлэг үзүүлэх зорилготой юм.Хичээл сонголтын байдлыг авч үзвэл 4 хүртэлх хичээл сонгосон сурагч хамгийн их байна. 4 хичээл сонгож үзсэн 6974 сурагч, 5 хичээл сонгож үзсэн 5201 сурагч, 3 хичээл сонгож үзсэн 4912 сурагч байна. Нийт 41 сурагч 17 хичээлд бүртгүүлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Нэг удаагийн цахим хичээл 30 орчим минут үргэлжилж байгаа юм.
Эцэг эхчүүд хүүхдэдээ цахим хичээлд хамрагдах боломжийг олгож, интернэт, датаг нь бэлэн байлгаж, тусалж дэмжиж байна. Сурагчид бие даан суралцах арга барилд илүү суралцаж, багш нар агуулгад хөтлөгдөх бус сурагчдынхаа хэрэгцээ сонирхолд хөтлөгдөн хичээлээ сонирхолтой болгох чиглэлд анхаарч байгаад талархалтай байна гэж багш нар цахим уулзалтын үеэр хэлж байлаа. Ийнхүү хил хязгаар, байршил, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран багш нар Монгол орны өнцөг булан бүрд байгаа хүүхдүүдэд хичээл зааж байгаа нь багш хөгжих, ур чадвараа бүх хүнд түгээх томоохон сорилт, боломжийг олгож байна.