Францын Засгийн газар ирэх зун гэхэд 26 сая хүнийг вакцинжуулахыг зорьж байна гэж тус улсын Тээврийн сайд Жан-Батист Жеббари “BFMTV” сувагт өнгөрсөн ням гарагт мэдээлжээ.
Их Британи, Германтай харьцуулахад Францад вакцины эхний тун хийлгэсэн хүмүүсийн тоо цөөн байна гэх шүүмжлэл гараад буй үед Ж.Жеббари ийнхүү мэдэгдсэн байна.
“Одоогоор долоо хоногт “Pfizer/BioNTech” компанийн 500 мянган тун вакциныг хүлээн авч байна. Холбогдох байгууллага бусад вакцинд зөвшөөрөл олгосон тохиолдолд долоо хоногт олон зуун мянган тунг нийлүүлэн авах гэрээг хэдийн байгуулсан” гэж тэрбээр мэдээлжээ.
Мөн Европын эмийн агентлаг “Oxford/AstraZeneca”, “Moderna” компанийн вакцинуудыг “ойрын өдрүүдэд” бүртгэх төлөвтэй байна гэж Тээврийн сайд нэмж хэлжээ.
Францын Эрүүл мэндин сайд Оливье Веран “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрийг эрчимжүүлнэ гэж өнгөрсөн пүрэв гарагт мэдэгджээ. Түүний мэдээлснээр, даваа гаргаас 50 болон түүнээс дээш насны эмнэлгийн ажилтнууд сайн дурын үндсэн дээр вакцин хийлгэх боломжтой болох ажээ.
“Бид нийтийг олноор вакцинжуулах туршлагатай. Өнгөрсөн онд томуугийн вакцинжуулалтын эхний өдөр бид 1.5 сая тун вакцин хийж байсан” гэж О.Веран мэдэгджээ.
Эх сурвалж: Монцамэ