Өчигдөр өдрийн 14:00 цагаас эхлэн Ховд аймгийн Алтай суманд хязгаарлалт тогтоож энэ сарын 5-ны өдрийн өглөөний 9:00 цаг хүртэл сумаас орох гарах хөдөлгөөн төдийгүй сумын дотоодод зорчих нийтийн болон хувийн тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг зогсоосон.
Учир нь Улаанбаатар хотод ковид19 коронавируст халдвар авсан иргэн С-ийн нэгдүгээр хавьтагч нар болох Б, Т нар өнгөрөгч арванхоёрдугаар сарын 24-ний өдөр тус суманд очиж, өнөөг хүртэл Алтай суманд байгаа юм байна. Иргэн Б, Т нар нь халдвар авсан иргэн С-тэй нэг гэрт амьдарч байсан бөгөөд С нь ХӨСҮТ-ийн сувилагч гэх мэдээллийг эх сурвалжаас өглөө. Сувилагч С өнгөрөгч сарын 30-ны өдөр охин, хүргэний хамтаар Тэнгэр плаза худалдааны төвөөр үйлчлүүлсэн гэж байгаа.
Ямартай ч түүнтэй хамт амьдарч байсан иргэд ийнхүү Ховд аймгийн Алтай суманд очсон байх тул өчигдөр өдрөөс эхлэн 0 зогсолт хийн Б, Т нарын 1, 2, 3 дугаар хавьтагч нарыг тогтоон шинжилгээнд хамруулах ажлыг хийж эхлэв. Сумын төвд автомашины хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан сумын иргэдэд шатах тослох материалаар ч үйлчлэхгүй байхыг Шатахуун түгээх станцын эрхлэгч нарт үүрэг болгожээ.
Эл үйл явдал нь Улсын онцгой комисс, Улсын онцгой комиссын шуурхай штаб болон Зоонозын өвчин судлалын төв, Халдварт өвчин судлалын тархвар судлаачдын багийн ажил хэтэрхий болхи удаашралттай ажиллаж байгааг харуулж байна. ХӨСҮТ-ийн сувилагч С-ийн халдвар авсан нь өнгөрөгч сарын 30-ны өдөр тогтоогдсон байхад түүнтэй нэг гэрт амьдарч байсан нэгдүгээр хавьтагч Б, Т нарт холбогдох хариу арга хэмжээ бүтэн 3 өдрийн дараа буюу дөнгөж өчигдрөөс эхлэн авагдсан байх нь.
Одоогоор иргэн С-ийн 1-р хавьтагч болох Б,Т нарыг сумын эмнэлэгт тусгаарлалтад авсан бөгөөд хамгийн ойрын хавьтагч болох 55 иргэнийг тогтоож гэрийн ажиглалтад аваад байна.