АНУ-ын Конгресс 2021 оны батлан хамгаалахын төсөвт тавьсан Ерөнхийлөгчийнхөө хоригийг хүчингүй болголоо.
Энэ асуудлыг шийдэхийн тулд Сенат энэ сарын 1-нд хуралджээ. Өмнө нь ийм шийдвэрийг Төлөөлөгчдийн танхимаас гаргасан юм. Ерөнхийлөгчийнхөө хоригийг хүчингүй болгохыг 81 сенатч дэмжсэн бол 13 нь эсэргүүцсэн байна. Хоригийг хүчингүй болгоход Конгрессын дээд, доод танхимын хууль тогтоогчдын гуравны хоёрынх нь санал шаардлагатай байв.
Хэлэлцүүлэг эхлэхийн өмнө Сенат дах Бүгд Найрамдах намын бүлгийн дарга Митч Макконнелл батлан хамгаалахын төсвийг батлуулахын тулд бүхий л зүйлийг хийнэ гэдгээ мэдэгджээ.
“Сайн дурын үндсэн дээр цэргийн дүрэмт хувцас өмсдөг манай эрэлхэг эрчүүд, эмэгтэйчүүдийн санхүүг хангадаг батлан хамгаалахын төсвийн тухай жил тутмын хуулийн төслийг батлах нь Сенатын бүрэн эрх юм. Бид түүнийг 59 жил дараалан баталсан билээ. Юу ч тохиолдсон бид 60 дахь удаагийн энэхүү хуулийн төслийг батлах бөгөөд ням гарагт Конгрессын ажил дуусахаас өмнө хууль болно” гэж тэрбээр хэлсэн байна.
Трампт юу нь таалагдаагүй вэ?
2021 оны батлан хамгаалахын зардалд 740 тэрбум ам.доллар төсөвлөжээ. Удахгүй албан тушаалаа Жо Байденд өгөх Трамп энэ төслийн үндэсний аюулгүй байдалтай холбоотой зарим заалтад нэмэлт өөрчлөлт оруулахыг хүссэн юм. Тэрбээр үүнийг Орос, Хятадад барьсан бэлэг гэж нэрлэсэн билээ.
Тухайлбал, энэ баримт бичигт Америкийн цэргүүдийг Афганистан болон Европын орнуудаас гаргахыг хязгаарлах, мөн АНУ-ын Иргэний дайны үеэрх Өмнөдийн цэргийн удирдагчдын нэрэмжит зарим цэргийн баазын нэрийг өөрчлөх саналыг тусгасан нь Трампт таалагдаагүй байна.
“Харамсалтай нь энэ хуульд үндэсний аюулгүй байдлыг хамгаалах чухал заалтууд ороогүй. Тэр дундаа манай ахмад дайчдыг, цэргийн түүхээ хүндэтгээгүй, АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын салбарын тэргүүлэх байр суурийг хангах гэсэн засаг захиргааны хүчин чармайлттай зөрчилдөж байна” гэж Трамп мэдэгдсэн юм.
Тэрбээр мөн нийгмийн сүлжээний хариуцлагын талаар заалт оруулахыг хүсжээ. Хоригийг нь хүчингүй болгосны дараа Трамп твиттертээ “Манай Бүгд найрамдах намаас олонх болсон Сенат технологийн томоохон компаниудад хязгааргүй эрх мэдэл өгдөг 230 дугаар бүлгээс ангижрах боломжийг алдав. Аймшигтай !!!” гэж бичсэн байна.
Конгресс яагаад ийм алхам хийхээр шийдсэн бэ?
Америкийн хуулийн дагуу Конгрессоос баталсан хуулийн төслүүдэд Ерөнхийлөгч гарын үсэг зурах ёстой. Ерөнхийлөгч хуулийг эсэргүүцвэл хориг тавьж болно. Хэрэв үүний дараа тухайн төслийг Конгрессын хоёр танхимын гишүүдийн гуравны хоёр нь дахин дэмжвэл хоригийг давсан гэж үзээд хүчин төгөлдөр болно. Хэрэв Конгресс Трампын хоригийг даваагүй байсан бол 60 жилийн хугацаанд АНУ-ын цэргийн төсвийн хууль (National Defense Authorization Act-NDAA) хүчин төгөлдөр болоогүй анхны тохиолдол болох байв.
Трампын тавьсан хориг нь улс орны аюулгүй байдалд заналхийлж буй хойрго байдлын жишээ бөгөөд Конгресс дахь хоёр намын хүсэл зоригийг үл хүндэтгэж буйг харуулж байна гэж Төлөөлөгчдийн танхимын дарга, Ардчилсан намын гишүүн Нэнси Пелоси мэдэгджээ.
“Манай улс томоохон кибер халдлагын бай болоод байгаа энэ үед Ерөнхийлөгчийн хариуцлагагүй байдлын шалтгааныг ойлгоход маш хэцүү байна” гэж тэрбээр хэлсэн байна.
Трампын зарим зөвлөх нь хориг тавихыг болиулахыг оролдсон байна. Трамп өмнө нь найман хуулийн төсөлд хориг тавьсан боловч хууль тогтоогчид хүчин төгөлдөр хэвээр үлдээжээ.
Эх сурвалж: Монцамэ