Дархан-Уул аймагт бүртгэгдсэн Короновируст халдварын нийт 45 тохиолдол, үүнээс Дархан суманд 38, Хонгор суманд 5 иргэн халдварт өртсөн бөгөөд анхны тохиолдол 2020 оны 11 сарын 17-нд Дархан суманд бүртгэгдэж байв. Үүнээс 10 хоногийн дараа буюу 2020 оны 11 сарын 27-нд Хонгор суманд халдвар бүртгэгдсэнээс хойш 34 хоног дахин шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.
Тус аймагт халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор голомтод тандалт судалгаа хийх, хавьтал илрүүлэх, голомтын хүрээг тогтоох, голомтыг цомхтгох, тусгаарлах, эмнэлгийн тусламжийг зохион байгуулах зэрэг хариу арга хэмжээг зохион байгуулах 3 баг аймгийн Онцгой комисс болон Эрүүл мэндийн газартай нь хамтран ажилласан. Багт ХӨСҮТ-өөс тархвар судлаач эмч Ц.Сэлэнгэ, Л.Азжаргал, НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны дарга Б.Сувд, ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний эмч М.Жаргалсайхан, Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн тархвар судлаач эмч Б.Баасандорж, ариутгагч Т.Одгэрэл нар аймгийн тохиолдлын удирдлагын тогтолцоо болон тандалт, хариу арга хэмжээний багтай хамтран ажиллаж голомтын тархалтыг богино хугацаанд хязгаарлаж чадсан байна.
Энэ үед Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар болон нэгдсэн эмнэлэгт Коронавируст халдвараас сэргийлэх болон хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай эм, эмнэлгийн болон хамгаалах хэрэгсэл, оношлуур урвалж зэрэг нийт 26 нэр төрлийн 400.0 сая төгрөгийн санхүүжилтийг өгчээ.
Түүнчлэн Нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, Пульсоксиметр, Халуун хэмжигч /лазер/, Утлагын аппарат, Дижитал рентген аппарат зэрэг нийт 298.1 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр ханган эмнэлгийн тусламжийн чадавхийг нэмэгдүүлсэн байна.
Улмаар онцгой байдлын үед ажилласан эмч, ажилчдын 11 дүгээр сарын илүү цагийн хөлс олгоход зориулж Эрүүл мэндийн газарт 51.7 сая, Нэгдсэн эмнэлэгт 113.8 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.
Иргэдийн хувьд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 809 хүн, хоёрдогч хавьтал 1672 хүнийг илрүүлэн 2-3 удаагийн давтамжтайгаар ПГУ шинжилгээнд хамруулснаас эрсдэлт бүлгийн хүн амын дундах байнгын болон идэвхтэй тандалтаар 12 дугаар сард нийт 3851 иргэнийг, тэр дунд Эрүүл мэндийн байгууллагын 102 эмч, ажилтан, эмнэлэгт хэвтэж буй 74 иргэнийг тус тус PCR шинжилгээнд хамруулсан байна.
Цаашид эрсдэлт бүлгийн хүн ам буюу иргэдийн хамгийн ихээр үйлчлүүлдэг эрүүл мэндийн болон төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд нийт 10000 иргэнд идэвхтэй тандалт хийхээр төлөвлөж байгаа аж.