АНУ-д коронавирусний вакциныг түгээх үйл явц Ерөнхийлөгч Дональд Трампын амласны дагуу үргэлжлэхгүй байгааг тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден шүүмжилсэн байна.
Д.Трампын засаг захиргаа оны энэ оны эцэс гэхэд 20 сая хүнийг вакцинжуулна гэж амласан бол одоогийн байдлаар хоёр сая гаруй хүнд вакцин хийгээд байна гэж Ж.Байден Делавер муж улсын Уилмингтон хотноо үг хэлэх үеэрээ онцлон тэмдэглэжээ.
“Шударгаар хэлэхэд “COVID-19”-ийн нөхцөл байдал сайжрахаасаа өмнө улам дордох төлөвтэй байна. Манай улс цар тахал дэгдсэнээс хойших хамгийн хүнд цаг үеийг ойрын хэдэн долоо хоног, хэдэн сард туулж магадгүй байна” гэж Ж.Байден мэдэгдсэн байна.
АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн сүүлийн мэдээллээр, улс даяар 11.4 сая тун вакциныг түгээж, 2.1 сая хүнд вакцины эхний тунг тариад байгаа юм.