ЭМЯ-аас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар /2020.12.30-ны 11:00 цаг/ ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 12828 хүнд шинжилгээ хийхэд 20 хүнээс коронавирус илэрчээ. Тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод тэр дундаа 18 тохиолдол нь үүсээд байгаа голомтоос үүсэлтэй.
Ингээд Баянзүрх дүүргийн эмнэлгээс гарсан халдварын дэгдэлтийн тоо 244, Улаанбаатар хотод бүртгэгдсэн нийт халдварын тоо 394 боллоо. Харин хоёр нь Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн хүмүүс байна.
Мөн “Тэнүүн-Огоо” ХХК-ийн хоёр жолоочоос халдвар илэрсэн. Тэд өчигдөр мэдээлсэн халдвар авсан жолоочтой хамт салхинд гарсан гэсэн өгүүлэмжтэй байсан.
Харин Сэлэнгэ /217/, Дархан-Уул /45/, Говьсүмбэр /4/, Дорноговь /32/, Орхон /25/, Архангай /3/ аймгуудад халдвар нэмж илрээгүй байна. Ингээд Архангай, Говьсүмбэр аймгуудад өвчлөл нэмж бүртгэгдэлгүй сар боллоо. Энэ нь халдвар тасарсан гэсэн үг.