Ерөнхий сайдын зөвлөх, Ажлын албаны дарга Ж.Энхбаяр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авах ажлын хэсгээс гарах өргөдлөө өгчээ.
Монгол улсын Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар авсан асуудлыг шийдвэрлэхээр өнгөрсөн дөрвөн жилийн турш ажиллаж, багагүй ахиц гаргасан. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг асуудлын гогцоог олж, заримыг нь шийдэхээр шүүхдэлцсэн. Улмаар Ерөнхий сайдын зүгээс тус ажлын хэсгийг үүргээ гүйцэтгэсэн хэмээн үзэж, шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр дахин байгуулсан.
Гэвч ажлын хэсэгт Шадар сайд Я.Содбаатар, Ерөнхий сайдын ажлын албаны дарга Ж.Энхбаяр нарын хүмүүс орсноос улбаалж, нийгэмд янз бүрийн мэдээлэл гарах болсон. Тодруулбал Монголын зэс корпорацитай тохиролцсон гэх цуурхал удаа дараа гарсан юм. Дээрх албан тушаалтнуудын зүгээс энэ мэдээллийг няцаасаар ирсэн. Учир нь тус ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд нэг ч удаа хуралдаагүй бөгөөд ямар нэг албан шийдвэр гаргаагүй аж.
Тэгвэл ажлын хэсгийн гол хүн гэгдэж байсан Ерөнхий сайдын ажлын албаны дарга Ж.Энхбаяр өөрийн хүсэлтээр ажлын хэсгээс гарах өргөдлөө өгчээ.