COVID-19-ийн үед дотоодын хандив тусламжаар манайд энэ оны наймдугаар сарын байдлаар нийт 290 аж ахуйн нэгж, 256 иргэнээс 7.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий бэлэн мөнгө болон бараа материал цугларсан. Гэвч энэ тусламжийн зарцуулалтын тайланг шилэн дансны хуулийн дагуу байршуулахгүй байна. COVID-19-ийн үед дотоодын хандив тусламжаар төвлөрсөн мөнгөн хөрөнгө болон бараа материалыг хүлээн авах, хуваариалах хяналт тавих,үйл ажиллагааг Монгол Улсын шадар сайд, УОК-ийн даргын баталсан “Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах түр журмаар” зохицуулан ажиллах ёстой. Эрүүл мэндийн яам хандив, зээл тусламжийн зарцуулалтаа шилэн дансандаа хэрхэн байршуулсан талаар мэдээлсэн. Энэ удаа УОК болон Нийслэлийн ОБЕГ “Мэдээллийн ил тод байдал”-ын тухай хуулийн дагуу шилэн дансандаа зарцуулалтын мэдээллээ хэрхэн байрлуулсан талаар мэдээлэл хайгаад олсонгүй. Харин иргэдээс ирүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн барааг энэ оны долдугаар сард ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгийн гарын үсгээр баталгаажиж олгосон мэдээлэл олдсон юм. Үүнд, “Бөртэ” ХХК, ШШГЕГ, ХХЕГ-ын … дугаар ангиас ирүүлсэн 85 мянган амны хаалтыг ЭМЯ-нд 20 мянгыг бусад ОБЕГ, ЦЕГ, ГЕГ, МХЕГ, ХХЕГ зэрэгт тус бүр 13 мянган ширхгийг олгожээ. Мөн “Магнай трейд” компаниас хандивласан 10 сая төгрөгтэй тэнцэх шатахуунаас 2.0 сая төгрөгтэй тэнцэх хэмжээгээр ОБЕГ,ЦЕГ тус бүр нэг сая төгрөгийн шатахууныг олгосон байна. Нэг удаагийн 500 мянган ширхэг бээлийг БХЯ, ОБЕГ, ГЕГ,ХХЕГ тус тус хуваариалжээ. Харин олон нийтийн дунд сэдэв болж байсан нэг удаагийн амны хаалтны 1.807.163.100 төгрөгийг хаана, хэнд өгсөн нь ил тод бус хэвээр байна. Түүнчлэн нийт 800 толгой хонийг гурван аж ахуйн нэгж хандивласнаас ОБЕГ-ын энэ оны долдугаар сарын 23-ны өдрийн тайланд 200 толгой хонийг Дадлага сургуулалт, сурталчилгааны зөвлөлд /ДССЗТ/олгосон гэж тайлагнасан байсан. Энэ үгийн товчлол юу болохыг жирийн иргэдэд ойлгогдохгүй байх жишээтэй. Харин өнгөрсөн наймдугаар сарын 1-ний тайланд 300 хонийг худалдан борлуулж, дансандаа төвлөрүүлсэн гэж тайлагнасан байгаа боловч ОБЕГ-ын шилэн дансанд энэ талаар мэдээлээгүй байна. Нийслэлийн онцгой комисст COVID-19 цар тахлын үед хандивласан мөнгөн хандивынхаа долдугаар сард зарцуулсан хандивын мэдээлэлд уснаас аврах цагираг, олс, хантааз, шиддэг цүнхний үнэнд 9.1 тэрбум төгрөгийг /2020.07.4-нд/, /2020.07.22-нд / “Магнай Трейд” ХХК шатахууны үнэнд хяналт шалгалтаар ажиллах ажилчдын цалинд 1.622.150 төгрөг, ХУД, БХД, СХД-ийн Онцгой байдлын хэлтэс болон Улаанбаатар онцгой байдлын хэлтэст тус бүр 375 сая, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газарт 4.397.600 төгрөг, нийт 17.491.750 төгрөгийг хуваариалсан байна.
Харин Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайханы А/747 захирамжаар хэлтсийн дарга нарт олгосон нийт 21 сая төгрөгийн урамшууллын тайлан албан ёсоор ил тод болохгүй байсаар энэ он дуусч байна.
Улсын онцгой комисс гадаад, дотоодын хандив, тусламжийнхаа зарцуулалтын задаргааг ил тод болгохыг олон нийт шаардаж байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин