Улаанбаатарчууд утаатайгаа зууралдсаар. Сайжруулсан түлш хэрэглээнд нэвтрүүлснээр утааг 50 хувь бууруулсан гэх У.Хүрэлсүхийн бардамнал дэлхийн хамгийн бохирдолтой хотуудын жагсаалтыг тэргүүлж эхлэв.
Уг нь сайжруулсан түлшний хоёр ч үйлдвэртэй болсон тул агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах зорилттой Засгийн газар. Харамсалтай нь харагдах утаа багассан ч хордуулах хий ихэссэн гэх мэргэжилтнүүдийн шүүмжлэлд тайлбар хэрэгтэй байна, “Тавантолгой түлш” ХК-ийн захирал М.Ганбаатар аа…
Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг агаарын бохирдол ихтэй, зарим хэсэгтээ аюултай түвшинд хүрснийг www.agaar.mn сайтаас харж болно. Харин Төрийн ордонд “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулсан, ард иргэд цар тахлаас шалтгаалан гэртээ байгаа нь эрэлтийг ихэсгэж, утаа нэмэгдүүлээд байна гэх нь халгүй тайлбартай л явна лээ. Хөл хорио тавигдаж хэрэглээ багасвал утаа багасах юм байх. Уг нь хатуу хөл хорионд шилжиж автомашины хөдөлгөөн багассан байхад нийслэл бүр л утаагүй, бохирдолгүй байх ёстой биш билүү.
Гэтэл нийслэлийн иргэд утаандаа урдах хүнээ харахаа больж, оройн цагаар салхивч нээхээ болиод хоёр сарын нүүр үзэх гэж байна. Толгой тархи өвтгөсөн эхүүн үнэрт мансуурч, гэр хорооллын байтугай орон сууцны иргэд ч угаартах аюулд ойрхон байна. Баримт нь бидний уушги, өдөр тутам залгиж яваа угаар юм.
Гэтэл 60 тэрбумын асуудлаар попорч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг “шантаажилж” байж “Тавантолгой түлш” компанийн захирлын албан тушаалд томилогдсон гэгддэг М.Ганбаатар гэртээ суусан иргэд гал их түлээд байна гэх хөгийн тайлбартай суугаа нь эмгэнэлтэй. 2017 онд Тусгаар тогтнолын ордны үүдэнд жагсаал хийж, 60 тэрбумын асуудлаар шуугиан дэгдээж байсан түүнийг Д.Амарбаясгалан өрөөндөө оруулж, албан тушаал амсуулж амыг нь хамхисан гэдгийг нам даяар мэднэ.
Харамсалтай нь, шахмал түлш хэрэглэсэн олон ч хүн угаарын хийн хордлогоор хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байхад хариуцлага, хор хохирлыг бодитойгоор нэхэх зоригтон энэ намд алга. Харин ч ичгүүртэйгээр, угаартсан иргэд галаа асаачихаад яндангаа салгасан, өрхөө битүүлсэн, пийшингээ хөөлөөгүй байсан хэмээн амиа алдагсдыг буруутгасан буруутгалаар бүхнийг хаацайлсаар ирэв. Ичгүүр сонжуургүй хаацайлалд нь эрэмшсэн М.Ганбаатар дүрдээ итгэж, нийслэлийг утаанаас салгасан тул “Хөдөлмөрийн баатар” хүртэх ёстой хэмээн дүүлж явсан нь Ерөнхийлөгчийн сонорт хүрч, нэгдүгээр хүн “элгээр явчих” дөхсөн гэдэг..
Өнөөдөр Улаанбаатарын утааны уурхай гэгддэг автомашины хөдөлгөөн бараг тэг зогсолттой. Дээр нь цахилгааны үнийг тэглэсэн тул ихэнх байгууллага, өрх цахилгаан халаагуур ашиглаж байхад Улаанбаатарын утаа гамшиг цаашаа болоод байна.
Юун Хөдөлмөрийн баатар, харин ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын хүзүүнд гогцоо углах гол шалтгаануудын нэгийг эрхэм М.Ганбаатар гуай эмхэрдэн суугаагаа ойлгох цаг болсон…