Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.24) нэгдсэн хуралдаан 10 цаг 02 минутад 41 гишүүний ирцтэй эхэлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Шадар сайд Я.Содбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан танилцууллаа.
Дэлхий нийтэд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын тархалт 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 218 улс орон, нутаг дэвсгэрийг хамарч, ойролцоогоор 79 сая хүн өвчилж, 1,7 сая хүн нас бараад байгаа гэв. Энэхүү нөхцөл байдалтай уялдуулан 67 улс дотоодын хөдөлгөөндөө хязгаарлалт тогтоож, 126 улс олон нийтийн үйлчилгээний газар, цуглаан, сургуулийн үйл ажиллагаагаа хязгаарлаад байгаа аж. 108 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хаасан бөгөөд хил хорио тогтоох, хилээ хаасан хугацаагаа сунгаж байгааг Шадар сайд төслийн танилцуулгын эхэнд дурдав.
Манай улсад 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар нийт 1068 хүн коронавируст халдвараар өвчилсөн бөгөөд зөөвөрлөгдсөн халдвар 392, дотоодын кластер болон алаг цоог халдвар 176 бүртгэгдээд байгаа гэлээ. Коронавируст халдварын дотоодын кластер өвчлөлийн нийт тохиолдлоос Улаанбаатар хотод 278, Сэлэнгэ аймагт 217, Дархан-Уул аймагт 45, Говьсүмбэр аймагт 4, Орхон аймагт 25, Дорноговь аймагт 32, Архангай аймагт 3 тохиолдол тус тус бүртгэгдээд байна. Нийслэл дэх “Энхсаран” сувилалтай холбоотой 49, ХӨСҮТ-ийн гаралтай 17, Цэргийн төв эмнэлгээс 5 тохиолдол бүртгэгдсэн. Харин БЗД-ийн эмнэлгийн халдварын голомтоос халдвар авсан иргэд, тэдгээрийн гэр бүл, ойр, дам хавьталтай иргэд нийслэлийн бусад дүүрэгт хаяг, байршилтай байгаа нь халдварын тархалтыг зөвхөн тус дүүргийн эмнэлгийн хэмжээнд хязгаарлах боломжгүй хэмээн үзэж, ЭМЯ, ДЭМБ, эрдэмтдийн зөвлөлийн санал, зөвлөмжийг үндэслэн батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг богино хугацаанд илрүүлж, тусгаарлах, эмчлэх, халдварын тархалтыг хумих, таслан зогсоох, хөл хорио, хязгаарлалтын дэглэмээ чангатгах болон үүнтэй холбоотой зохион байгуулалтын бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай болсон тул нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 12 дугаар сарын 23-наас нэгдүгээр сарын 6-ны өдөр хүртэл буюу 14 хоног гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх шийдвэрийг Засгийн газар гарган, хэрэгжүүлж байгааг мөн дурдав. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт тогтоосон бүх нийтийн бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг аймгийн Засаг даргын захирамжаар энэ сарыг дуустал сунгасан байна. Мөн Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Дархан-Уул аймагт халдварын голомтыг бүрэн хумьж чадсан, хяналтын хугацаанд дахин тохиолдол илрээгүй гэлээ.
Улсын Их Хурлаас 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар (КОВИД-9)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг яаралтай горимоор хэлэлцэн баталсан.
Тус хуулийн хүрээнд Засгийн газрын 29, Улсын онцгой комиссын 12 тогтоол, 32 хурлын тэмдэглэлийн хүрээнд яамд, төрийн захиргааны байгууллага, засаг захиргааны нэгж, хуулийн этгээдэд давхардсан тоогоор 519 үүрэг, чиглэл өгсний дагуу холбогдох арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэн ажиллаж, хэрэгжилт 92 хувьтай байгааг мэдээллээ.
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, үйлчлэх хугацааг 10 удаа, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үйлчлэх хугацааг 4 удаа өөрчлөөд байгаа юм.
Иймд Монгол Улсын Хурлын 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн чуулганаар Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын нөхцөл байдал, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний дүн шинжилгээ, цаашид нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах талаарх Улсын Их Хурлын Түр хорооны санал, дүгнэлт, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” Монгол Улсын Хурлын тогтоолыг баталсан.
Энэхүү тогтоолын 1-д “Гамшгаас хамгаалах тухай хууль болон бусад хуульд өөрчлөлт оруулах, … асуудлыг шийдвэрлүүлэх саналаа Улсын Их Хуралд танилцуулах” гэж, 8-д “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, эрдэмтэн, судлаачдын саналыг харгалзан “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах, эсэх саналаа Улсын Их Хурал (Түр хороо)-д хуулийн дагаж мөрдөх хугацаа дуусахаас өмнө танилцуулах”-ыг Засгийн газарт даалгасан юм.
Иймд цар тахлын өнөөгийн болон цаашид үүсэж болзошгүй нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлага-сургамж, Монгол Улсад тулгарч байгаа сорилт, хүндрэл бэрхшээлийг харгалзан, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс, холбогдох бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний санал, дүгнэлт, Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, Засаг дарга нарын ирүүлсэн саналыг үндэслэн, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах, хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж үзжээ.
Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр зарим нэр томьёоны тодорхойлолтыг шинээр нэмж оруулахаар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаатай холбогдох Улсын Их Хурал, Засгийн газар, Улсын Онцгой Комиссын үүрэг, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгохоор тусгажээ. Түүнчлэн төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа, салбар хоорондын харилцан ажиллагааны уялдаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэмэгдүүлэх, зарим нэн шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох татвар, торгуулиас чөлөөлөх зохицуулалтыг тусгасан байна. Цар тахлын үед гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах горимд байршуулсан барааг гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах хугацаа, улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн хугацаа хэтэрсэн тохиолдол, мөн гадаадын иргэн, харьяалалгүй хүний бүртгэл, виз болон оршин суух зөвшөөрлийн хугацаатай холбоотой зохицуулалт, цар тахлын үед байгууллага, хуулийн этгээд, иргэний зарим үүрэг, хориглох үйл ажиллагааны талаарх зохицуулалтуудыг нэмж тусгах нь зүйтэй хэмээн үзжээ. Бусад хууль тогтоомжоор зохицуулж байгаа зарим давхардсан хэсэг, заалтыг хүчингүй болгож, зарим хэсэг, заалтыг хууль тогтоомжтой нийцүүлэн өөрчлөн найруулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн хуулийн үйлчлэх хугацааг сунгахаар төсөлд тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн нийгмийн хэвийн үйл ажиллагаа, хүн амын аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн орчин боловсронгуй болох ач холбогдолтой гэв.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд гишүүдийн олонх хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Энэ үеэр С.Одонтуяа, С.Бямбацогт нарын гишүүд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэд хэдэн хуулийн төслийг өргөн мэдүүлсэн, мөн өргөн мэдүүлэхээр зэхэж байгааг хэлж, холбогдох бүх төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэх саналыг хэлж байв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24-т “Нэг асуудлаар 2 ба түүнээс дээш хуулийн төсөл өргөн мэдүүлсэн бөгөөд хууль санаачлагчид нь нэгтгэн хэлэлцэхийг зөвшөөрсөн бол Байнгын хороо тэдгээрийг анхны хэлэлцүүлгийн шатанд нэгтгэн нэг төсөл болгож Байнгын хорооны санал, дүгнэлтийн хамтаар, хэрэв ийнхүү нэгтгэхийг зөвшөөрөөгүй бол тус тусад нь санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж заасан байдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар сануулаад, төслүүдийн хэлэлцэх, эсэхийг тус бүрд нь шийдвэрлэсний дараа нэгтгэн хэлэлцэх боломжтой гэдэг тайлбарыг өгөв.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Засгийн газрын гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар цар тахлаас үүдэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, хөл хорио тогтоох нь оновчтой зохицуулалт биш гэдэг шүүмжлэлийг хэлж байв. Хязгаарлалт, хөл хорионоос үүдсэн эдийн засгийн уналт, бизнесүүдийн дампуурал, ажилгүйдэл, улмаар ядуурлын асуудлыг шийдвэрлэх нэн бэрх нөхцөл үүсэх эрсдэлийг тооцож, нөхцөл байдалд тохируулан бизнесийн үйл ажиллагааг явуулах шийдлийг олох нь зүйтэй гэдэг байр суурийг гишүүд илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт одоо тогтоогоод буй 14 хоногийн хөл хорионы дүрэм, журмыг нийтээрээ ягштал мөрдөх, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох талаар санал хэллээ. Л.Энх-Амгалан гишүүн төрийн үйлчилгээг цахим болгосон хэдий ч цахим гарын үсэгтэй холбоотой эрх зүйн зохицуулалтгүй байгаагаас үүдэн багагүй бэрхшээл үүсээд байгааг дуулгав. Түүнчлэн цар тахлын үед иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн хүргэх талаарх асуудалд дутуу дулим хандаж байгааг өөрчилж, аймгууд дахь эмнэлгүүдтэйгээ цахимаар холбогдож, төвийн эмнэлгүүд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлдэг зохицуулалт хийхийг Эрүүл мэндийн сайдад хандаж хэлсэн. Тахлын голомтод ажиллаж байгаа 20000 гаруй ажилтныг вакцинжуулах асуудлыг онцгойлон анхаарч, арга хэмжээ авах ёстой гэдгийг мөн анхаарууллаа. Хөл хорио тогтоох асуудлыг мэргэжлийн байгууллагын санал, судалгааг үндэслэн шийдвэрлэж байгаа талаараа Я.Содбаатар сайд хэлж байв. Энэ оны эцэс гэхэд дотоодын халдварын тохиолдол 400, Сар шинийн орчимд 2800 орчимд хүрэх эрсдэл байгаа учраас олон улсын жишгээр хөл хорио тогтоох саналыг Засгийн газар шийдвэрлэсэн. Түүнчлэн сүүлийн халдварын тохиолдлуудыг судлахад нэг халдвар нэг хүнд халддаг байсан үзүүлэлт өсөж, 1.5 болж байгаа зэрэг мэргэжлийн судалгаа, тооцооллыг харгалзсан гэв. Бизнес, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх арга хэмжээг Засгийн газар нөөц бололцооныхоо хүрээнд шат дараатай авч хэрэгжүүлж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Одоо тогтоогоод буй 14 хоногийн хөл хорионы хугацаанд УОК халдварын хүрээг зөв тогтоож, хумих, эрсдэлтэй бүсэд тооцогдож буй БЗД-ийн 25 хороонд 80 мянган иргэнийг шинжилгээнд хамруулах, нийслэлийн хэмжээнд тандан судалгааны хүрээг томруулах, эрт илрүүлэг хийхэд анхаарах, лабораториудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн ажилтнууд, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдыг давтамжтай шинжилгээнд тогтмол хамруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд иргэд, аж ахуйн нэгжүүд хөл хорионы дэглэмийг чанд сахих нь үр дүнд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг Шадар сайд онцлон хэлж байлаа.
Цахим гарын үсэгтэй холбоотой асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд тайлбар өгөв. Цахим шилжилттэй холбоотойгоор Засгийн газраас энэ онд багтаан 4 хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Нэн тэргүүнд 2011 онд батлагдсан Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг холбогдох бусад хуулийн төсөлтэй өргөн мэдүүлэх аж. Ингэснээр иргэний үнэмлэхний чипэд тоон гарын үсгийг суулгах, иргэн бүр төртэй харилцах албан ёсны цахим шууданг нээж өгөх зэрэг ажлуудыг хийх юм байна.
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат өндөржүүлсэн бэлэн байдлын болон бүх нийтийн бэлэн байдлын үеэр төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг шүүмжилсэн бол Г.Тэмүүлэн гишүүн хуулийн өөрчлөлтийн хүрээнд байгууллага хоорондын уялдааг хангах, сахилга бат, хариуцлагыг чангатгах зохицуулалтуудыг тусгах саналыг хэлж байлаа. Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа цар тахлын үед иргэдэд зөв мэдээллийг шуурхай хүргэх нь нэн чухал байдгийг Шинэ Зеландын жишээнээс харж болно хэмээн жишээ татаад, гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн асуудлыг хөндсөн. Дотоодын нөхцөл байдлаа бүрэн үнэлж байж гадаадад байгаа иргэдээ татан авах асуудлаар тухай бүрд шийдвэр гарган ажиллаж байгаа гэдгийг Шадар сайд хэлэв. Зуны улиралд 110 орчим тусгаарлах байрыг бэлтгэсний үндсэн дээр сар бүр 5000 орчим иргэнийг татан авч байсан бол хяналт шалгалтын явцад 11 дүгээр сар гэхэд 71 нь үйлчилгээ үзүүлэх эрхтэй үлдсэн. Өнөөдрийн байдлаар энэ тоо 49 болсон байна. Шаардлага хангасан тусгаарлах байрны асуудал хүндрэлтэй байгаа, иргэдээ татан авах чиглэлээр боломжит бүх арга хэмжээг авч байна. Бэлэн байдлын зэрэг буурсан 7 хоногийн хугацаанд 4 нислэгээр иргэдээ татан авсан. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т “гадаад улсад байгаа Монгол Улсын иргэн буцаж ирэх хүсэлт гаргасан тохиолдолд тухайн улс дахь өвчлөлийн тархалт, эрсдэл, шууд нислэгийн боломж зэрэг бусад нөхцөл байдлыг харгалзан татан авах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах” заалт бий бөгөөд энэ дагуу тухай бүр холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулах ажиллаж байгаа гэлээ. Гадаад улс оронд байгаа Монгол Улсын бүх дипломат байгууллагуудад иргэнийхээ эрх, ашгийг хамгаалах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэл өгсөн. Мөн Гадаад харилцааны яамны дэргэд сан үүсгэн байгуулсан, Франкфуртын нислэг цуцлагдсантай холбоотойгоор тэр нислэгээр ирэх байсан хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлсэн гэв. С.Одонтуяа гишүүний өөр нэг асуултад Шадар сайд хариулахдаа “Цар тахлын нөхцөлөөс үүдэн хөнгөн ялтай хүмүүсийн ялыг чөлөөлөх, өршөөл үзүүлэхтэй холбоотой асуудлаарх судалгаа Засгийн газрын түвшинд хийгдэж байгаа ч хуулийн төсөлд ямар нэг зохицуулалт тусгаагүй” гэв. Эмнэлэг, асрамжийн газар, хорих байгууллага нь цар тахлын хамгийн эрсдэлтэй орчин хэмээн тооцогдож байгаа тул халдвар хамгааллын дэглэмийг чангатган мөрдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгааг Х.Нямбаатар сайд хэлээд, өдгөө ял эдэлж буй 4500 орчим хүн, албадан саатуулагдсан 1000 гаруй хүн, мөн шүүхийн шийдвэрээр баривчлагдсан зэрэг нийтдээ 6300 гаруй хүн хоригдож байгаагийн 700 орчим нь 60-аас дээш насны, архаг хууч өвчтэй гэсэн судалгаа гарчээ. Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байруудад шинжилгээний цэгүүд ажиллуулах зохион байгуулалтыг хийж эхэлсэн гэх мэдээллийг тэрбээр өгөв.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг цар тахлын нөхцөл байдлыг даван туулахдаа хүний эрхийг зөрчихгүй байхад онцгой анхаарах асуудлыг хөндөж, байр сууриа илэрхийлэв. Н.Алтанхуяг гишүүн нэгэнт товлосон нислэгээ цуцлахгүй байх, шинжилгээний чанарт өндөр ач холбогдол өгөх шаардлагын талаарх санал хэлсэн бол, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан хүнсний хангамж хомсдож байгаа гэж үзэж буйгаа хэлээд, хүнсний бараа бүтээгдэхүүний болон малын өвс, тэжээлийн хүртээмж, үнийн огцом өсөлтийн талаар анхаарууллаа. Асуултад хариулт өгөх үеэрээ өндөг, нарийн ногооноос бусад хүнсний бараа, бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа гэдгийг Я.Содбаатар сайд мэдэгдсэн. Улсын Их Хурлаас гаргасан шийдвэр, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн ойрын хугацаанд гарч малын өвс, тэжээлийн нийлүүлэлт нэмэгдэж, үнэ буурах төлөвтэй байгааг тэрбээр хэлээд, үнэ хэт хөөрөгдөж байгаа тохиолдлуудад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар хяналт, шалгалтаа хийж, холбогдох арга хэмжээг авч ажиллана гэлээ. Н.Наранбаатар гишүүн төрийн дунд болон анхан шатны албан хаагчдын хариуцлагыг чангатгах асуудлыг хөндсөн бол М.Оюунчимэг гишүүн томоохон аж ахуйн нэгжүүд валютын ханшийн зөрүүнээс их хэмжээний алдагдал хүлээж байгаа асуудлыг анхаарах шаардлагын талаар хэлж, Сангийн сайдаас холбогдох тодруулгыг авлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан төсөлд хүний эрхийг хангах, шударга ёсны зарчмыг тусгах талаар байр сууриа илэрхийлсэн бол Ж.Чинбүрэн гишүүн эмч, эмнэлгийн ажилтнуудыг эрүүл мэнд, амь насны даатгалд хамруулахтай холбоотой санал хэлсэн юм. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Б.Жавхлан, Т.Энхтүвшин, Б.Жаргалмаа нар асуулт асууж, хариулт тайлбар авсан.
Цар тахлын үеийн дээд боловсролын байгууллагын үйл ажиллагааны зохицуулалтын талаар гишүүдээс асуусан асуултад Шадар сайд мэдээлэл, тайлбар өгөв. Засгийн газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу дээд боловсролын байгууллагуудын үйл ажиллагааны хуваарьт өөрчлөлт оруулаагүй бөгөөд цахим хэлбэрээр сургалтаа явуулах чиглэл өгсөн гэдгийг тэрбээр тодотголоо. Сургалтын төлбөрөө төлж амжаагүй байгаа оюутнуудад төлбөрөө хэсэгчлэн хувааж төлөх боломж бий бол төлбөрөө төлсөн ч цахим сургалтад хамрагдаж чадаагүй оюутнууд дараагийн улиралд нэмэлт төлбөргүйгээр сонгосон хичээлүүдээ судлах зохицуулалт хийхийг салбарын яаманд үүрэг чиглэл болгожээ. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.