Коронавирус халдварын батлагдсан тохиолдол өнгөрсөн 24 цагийн хугацаанд 57-аар нэмэгдэв. Үүний 55 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос батлагдсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Мөн Цэргийн төв эмнэлгийн сувилагч халдвар авчээ.
Эрүүл мэндийн байгууллага халдварын эрсдэлтэй бүс болсон тул яаран эмнэлгийн байгууллагад хандахгүй байхыг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл өглөө бүр сануулсан хэвээр…
Батлагдсан тохиолдлуудыг эмчилж байсан ХӨСҮТ-д халдвар хамгааллын дэглэм алдагдаж, өвчтнүүдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа хийгдэж байна. Мэргэжлийн байгууллагаас ХӨСҮТ-д шалгалт оруулж, халдвар хамгааллын дэглэм алдсаныг тогтоож буруутныг эрж хайх ажиллагаа ч эрчимжив.
Товчхондоо буруутны эрэлд гарч, буруутнаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг нэрлэв. Зун, хаврыг ч мэдрэлгүйгээр шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн иргэдийг эмчлэх ажилд сэтгэл санаа, оюун ухаанаа зарцуулж, ар гэрээ орхин зүтгэсэн тэр энэ бүхний буруутан болж, хариуцлага хүлээх гэнэ.
“Энхсаран” сувилал халдвар хамгааллын дэглэм алдаж, улмаар дотоодод алдсан хариуцлагаас эрх мэдэлтнүүд өөрсдийгөө яг энэ аргаар мултлаад авсан. Уг нь Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хар толгойгоороо хариуцлага хүлээж, огцрох нь зүй байсан ч өнөөг хүртэл суудалтайгаа зууралдсаар.
Энэ удаад ч удирдлага зохион байгуулалт, ажлын ачааллын хуваарилалт, төсөв мөнгө гээд төрийн менежерийн үүргээ гүйцэтгэж чадаагүй сайд эмнэлгийн даргаа хаяж өгчихөөд өөрөө “ял”-аас мултрах юм гэнэ. Баянзүрх дүүрэг өдгөө Хятадын Ухань хот шиг халдварын голомт болсон, эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид ажлын ачааллаас үүдэн ядарч, сульдан халдвар хамгааллын дэглэм алдсанд хэн буруутай вэ.
ХӨСҮТ-ийн дотоод халдварт ч салбарын сайдыг эмнэлгийн ажилтнууд буруутгаж байна. Учир нь орон нутгийн эмч нарыг газар дээр нь очиж сургах саналыг эмч нарын зүгээс тавьсан ч эрхэм сайдтан зөрүүдэлж Сэлэнгийн туршлагагүй хүмүүсийг голомт руу оруулж ирснээс үүдэн халдвар хамгааллын дэглэм алдагдаж, эмч нар халдвар авч эхэлсэн гэж үзэж байгаа аж.
Энэ бүгдээ хаацайлж ХӨСҮТ-рүү шалгалт оруулах саналыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Шадар сайд Я.Содбаатарт тавьсан гэнэ. Улмаар халдвар хамгааллын дэглэм алдагдсан, цалин урамшууллыг дутуу олгосон гэхчлэн олон зөрчил илрүүлж хөөх үндэслэлээ үүсгэж буй юм байх. Энэ мөрөөр нь ч хуулийн байгууллага Д.Нямхүү эмчийг шалгаж эхэлжээ.
Үнэндээ ХӨСҮТ-ийн захирлын албан тушаалд Т.Мөнхсайхан сайдын ойрын хүн очихоор хэдийнэ бэлтгэлээ базаачихсан гэх мэдээллийг ойрын нь эх сурвалжаас өгч байна. Гэхдээ ард түмний дэмжлэгийг хүлээх болсон Д.Нямхүүд шууд хариуцлага тооцож, өөртөө чулуу шидүүлэх хүн Т.Мөнхсайхан биш аж. Тиймээс муу нэрт, луу данст, он гараад огцрох тойрогт нэр нь орчихоод байгаа Шадар сайд Я.Содбаатарыг түлхүүрдэн шалгалт оруулж, араас нь хуулийнхны сүр бараагаар ардын баатар Д.Нямхүүг буулган авч байгаа нь энэ бололтой.
Удахгүй ХӨСҮТ-ийн шинэ захирал томилогдож, Т.Мөнхсайхан салбарынхаа оройд ялалтын дарцагаа хатгах нь тодорхой боллоо.