АНУ-ын Флорида, Жоржиа, Нью-Йорк мужуудын эрүүл мэндийн ажилчдын мэдэгдсэнээр эмнэлгийн сервер, сүлжээ цахим халдлагад өртөж, нууцлалын зэрэгтэй өвчтөнүүдийн эрүүл мэндийн мэдээлэл нийтэд задарсан байж болзошгүй байна.
Флорида Кийс эмнэлэг 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ransomware халдлагад өртсөн талаар 11 дүгээр сарын 6-ны өдөр өвчтөнүүдэд анхааруулсан бөгөөд цахим халдлагын үеэр өвчтөнүүдийн хувийн болон эрүүл мэндийн мэдээлэл, төлбөр тооцоо, банкны мэдээлэл, жолооны үнэмлэх болон нийгмийн даатгалын дугаар, гарын үсэг зэрэг мэдээлэл алдагдсан байна.
Харин өнгөрсөн 9 сард Нью-Йорк мужийн Катона хотод байршилтай Фор Виндс эмнэлгийн систем, сүлжээ 14 хоног хаагдсан бөгөөд эмнэлгийн ажилтнууд халдлагын цар хүрээ, үр нөлөөг тодорхойлох зорилгоор нэмэлтээр аюулгүй байдлын мэргэжилтнүүд хамруулснаар, халдлага үйлдэгч 1983 оноос өнөөг хүртэлх өвчтөнүүдийн шифрлэгдсэн мэдээлэл рүү нэвтэрсэн байж болзошгүйг олж тогтоожээ. Фор Виндс эмнэлэг одоогоор хэдэн өвчтөний мэдээлэл алдагдсан байгааг тогтоогоогүй байна.
Жоржиа мужийн Суваний хотод байрладаг Галстан ба Вард Фамили шүдний эмнэлэгт дуудлага ирсэн бөгөөд сервер компьютер руу вирус халдаасан гээд утсаа тасалжээ. 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр зарим файлыг хулгайлж, дарк вэб хуудаснаа байрлуулсан болохыг мэргэжилтнүүд олж тогтоосон байна. Эдгээр алдагдсан файлууд дотор өвчтөнүүдийн тухай мэдээлэл ороогүй байсан хэдий ч тухайн цахим халдлагын талаар нийтэд мэдэгдэж маш болгоомжтой байхыг анхааруулжээ.
Мэдээллийн аюулгүй байдлын газар