Б.Болор-Эрдэнийг гомдоолоо хэмээн ЭЦГ-аас тус сайтыг хар жагсаалтад оруулах хүсэлт хүргүүлсэн үү?

-Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглагчдыг анхааралдаа авна уу, Авлигатай тэмцэх газар!-

Манай сайт Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийг шүүмжилж бичсэн. Гэтэл өчигдөржин Харилцаа холбооны зохицуулах хорооны Интернэтэд суурилсан үйлчилгээ, технологийн хэлтсийн дарга Т.Батболд гэгч нөхөр удаа дараалан 11-304258 дугаартай албан өрөөний утаснаас залган дарамталж өнжив. Тэрбээр “niigmiintoli.mn сайт болон хамаарал бүхий пэйж хуудаст Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ маш ихээр гомдсон тул Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст гомдол гаргасан. Тэндээс танайхыг зөрчилтэй, хүн гомдоосон нь үнэн гэвэл танай сайт болон холбогдох пэйж хуудсыг чинь “black-list”-д оруулах болно” хэмээн эхлээд ярив. Гэтэл удалгүй дахин залгаж “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Амарын гарын үсэгтэй албан тоот манайд ирлээ. Энэ бичигт нь танайхыг хууль зөрчсөнийг тогтоож, Б.Болор-Эрдэнийг гомдоосон байх тул “black-list”-д оруулж өгнө үү гэсэн тул хар жагсаалт руу орууллаа шүү” хэмээн мөнөөх албаны 11-304258 дугаараас залгалаа.

Монгол төрийн алба, албан хаагчид ийм л хууль эрхзүйн мэдлэггүй, албан тушаал эрх мэдлээ урвуулан бусдыг дарамталж, хэвлэл мэдээллийн эрхийг хааж боомилдог болж. Түүнд нь Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, дарга Б.Амар нарын нэр хутгалдаж байгаа нь бүр эмгэнэлтэй юм. Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ гэгч эрх танхил бүсгүй шүүмж сонсч чадахгүй гомдож болох. Тэрбээр IT технологийн суурь мэдлэггүй, олон улсын харилцааны мэргэжилтэн хэдий ч улсын хамгийн чухал салбарыг толгойлж буй нь үнэн юм. Харин түүний гомдолд Харилцаа холбооны зохицуулах хороо, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хоёр хүндээ хөнгөнөөс өгч ийнхүү хэвлэл мэдээллээ дарамтлан сүрдүүлж, эрх үүргээ урвуулан сайтын хандалт үзэлтийг боомилно гэж сүрийг үзүүлж болох уу.

Сайтуудыг багалзуурдаж, хандалт үзэлтийг хааж боомилно гэдэг BLACK-LIST гэдэгт чинь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль “Садар самуунтай тэмцэх тухай хууль”, “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль”, “Зар сурталчилгааны тухай хууль”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйл “Мөрийтэй тоглоом зохион байгуулах”, “Өрсөлдөөний тухай хууль”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль”, тус хорооноос баталсан журам, нөхцөл шаардлага болон Монгол улс нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцуудыг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгааг Оюуны Өмчийн Газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн дүгнэлт болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр Монгол Улсаас хандах хандалтыг нь хязгаарлах арга хэмжээг авах учиртай байдаг юм шүү дээ, Б.Амар болон Т.Батболд дарга нар аа!!!

Түүнээс Б.Болор-Эрдэнэ гэгч бүсгүйг гомдоосон байна гээд хийчихдэг жагсаалт биш юм. Бас манай сайтад гомдол ирсэн бол дуудаж гомдлыг нь танилцуулаад тайлбар, мэдүүлэг гэх зэргээ авч байж сайтыг хаах, эрхэнд нь халдах бичгээ тэрлэдэггүй юм уу, Б.Амар дэд хурандаа!!!

Сүүлийн үед дээрх BLACK-LIST гээчид заагдаагүйгээр буюу Т.Батболд мэтийн нөхөд нь даргыг минь гомдоож, эрх баригчдыг минь шүүмжиллээ хэмээн албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж “хар жагсаалт” гээчээрээ мэдээллийн сайтуудыг сүрдүүлэн дарамталж, үйл ажиллагааг зогсоох хүртэл хууль бус зохицуулалтыг хийж байгаа гэлцдэг барим тавим байсан мэдээлэл нь манай сайт дээр ийнхүү бодит жишээ болон үйлдэгдэв.

Тэгэхээр хуулиас давсан эрх мэдэлтнийг эрхлүүлж, хооллож, тэжээж суудаг нь Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар уу. Энэ хорооны гишүүд нь Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрөөр ахлуулан Засгийн газрын голдуу гишүүдтэй байдаг тул Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хууль журмаа хөсөрдүүлэн, далайсан газарт нь далд орж, далласан газарт нь ил гарч ажилладаг юм биш биз!!!

Харилцаа холбоо, технологийн газрын үндсэн чиг үүргийн нэг нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн шийдвэр гаргах, хэрэгжилтийг зохион байгуулахад Ерөнхий сайдад бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх ёстой болохоос биш ийнхүү засаг төрийн нэр барьж хэвлэл мэдээллээ цавчих биш биз дээ, Л.Оюун-Эрдэнэ сайдаа!!!

Цар тахалтай хүнд бэрх үед ганц сайтад шүүмжлүүллээ хэмээн ийнхүү гомдож Эрүүгийн цагдаагийн албыг Харилцаа холбооны зохицуулах хороотойгоо хөдөлгөн бужигнуулж суухынхаа оронд эрхэм Б.Болор-Эрдэнэ дарга та үндсэн ажил үүрэгтээ анхаарвал яасан юм бэ.

IT технологийн бүхэл бүтэн агентлаг, газар, хэлтэстэй атал дижитал шилжилт хийгдээгүйгээс иргэдээс 153.4 тэрбум, төсвөөс 166.5 тэрбум төгрөгийн зардал гарч, нусаа хацартаа нааж явдаг сул дорой салбар болсоноо сайжруулахгүй юм уу.

Эрх мэдэлтэй байлаа гээд үндэсний ашиг сонирхлыг хамгаалах, төр иргэн, байгууллагын мэдээллийн бүрэн бүтэн байдал, үнэн зөв, хамгаалалттай, хүртээмжтэй байдлыг баталгаажуулах замаар мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндсэн зорилтоо ийнхүү эсэргээр нь ашиглан цахим сайтуудтай байлдсаар цаг үрж дуусгах уу.

Харин дарга гомдоолоо гээд Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Амар, түүнтай хамтран, эсвэл нэрийг нь барин албан тушаал, эрх мэдлээ албаны утас ашиглан бусдыг сүрдүүлж, дарамталдаг Т.Батболд нарыг Авлигатай тэмцэх газар, мөн Цагдаагийн ерөнхий газар болон Харилцаа холбооны зохицуулах хорооны дотоод хяналт шалгалтын газрууд нь анхааралдаа авч шалгах цаг нэгэнт болж. ..

Орчуулах »
error: Content is protected !!