Монгол Улсын зайн сургалтын туршлагыг НҮБ-ын Хүүхдийн сан сайшааж, түгээхээ илэрхийлжээ

2020-12-23
1 min read

Ковид-19 цар тахлын улмаас дэлхийн 110 гаруй улс орон хичээл, сургалтын үйл ажиллагаагаа зайны сургалтад шилжүүлж, 1 тэрбум гаруй хүүхэд танхимын бус хэлбэрээр хичээллэж байгаа юм. Түүнчлэн 463 сая хүүхэд огт боловсролын үйлчилгээ авч чадахгүй байна. Тиймээс зайны сургалтын аргуудын сайн туршлагыг хуваалцах вебинарыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр НҮБ-ын Хүүхдийн сан, ЮНЕСКО болон Дэлхийн банк хамтран зохион байгууллаа.

Вебинараар Ковид-19 цар тахлын үед шинэлэг технологийг ашиглан боловсролын хөтөлбөрийг суралцагчдад түгээх, зайнаас сургах арга барилуудын үр өгөөжийн талаар туршлага солилцсон байна. Цахим, теле болон зайны сургалтын хамрагдах хүрээ, үр дүнтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээс гадна танхимын уламжлалт сургалтыг хэрхэн дижитал дамжуулалттай хослуулан хэрэгжүүлж болох талаар хэлэлцжээ.

Монгол Улс Ковид-19 цар тахлын улмаас боловсролын салбартаа авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, түүний үр дүн болон зайны сургалтын талаарх туршлагаа танилцуулсан. Зохион байгуулагчдын зүгээс Монгол Улсын танилцуулгыг өргөн хүрээний мэдээлэл агуулсан, сайн туршлага гэж үнэлэн НҮБ-ын Хүүхдийн сан салбар оффисууддаа хуваалцсан байна.

Орчуулах »
error: Content is protected !!