Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа сонгогдлоо

2020-12-22
1 min read

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.22) цахим хурал 10 цаг 00 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар ирц, хэлэлцэх асуудал танилцуулан өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр тогтлоо.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй ба хуралдааны эхэнд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Тус дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяаг нэр дэвшүүлж, түүний намтрыг товч танилцуулав.

Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Улсын Их Хурлын тогтоолоор байгуулагдаж, гишүүнээр Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Баттөмөр, Д.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Б.Жавхлан, Х.Ганхуяг, Т.Доржханд нар харьяалагдаж буйг Байнгын хорооны дарга танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Д.Батлут, С.Чинзориг, Б.Жавхлан, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлэн асуулт асууж, саналаа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүрэг чухал болохыг онцолж, санхүү мөнгөнөөс улбаалан хэрэгжээгүй олон ажил байсан гээд Сангийн яамны дэд сайдаар ажиллаж байсан хүн тус дэд хорооны даргаар томилогдож байгаа нь сайшаалтай болохыг цохон тэмдэглэв.

Ингээд Улсын Их Хурлын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяаг “сонгоё” гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58,8 хувь дэмжснээр тус Байнгын хорооны тогтоол батлагдлаа.

2d757393-9936-4d63-a77f-591f05d0880d-1024x597 Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа сонгогдлоо

Үргэлжлүүлэн Ажлын хэсгийг шинэчлэн байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, мөн Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тус тус батлагдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Орчуулах »
error: Content is protected !!