ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийн Захирагчдын зөвлөлийн хурал боллоо

2020-12-22
1 min read

Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр Далайд гарцгүй хөгжиж буй орнууд /ДГХБО/-ын Олон улсын судалгааны төв /ОУСТ/-ийн Захирагчдын зөвлөл цахим хэлбэрээр хуралдав.

Энэхүү хуралд ДГХБО-ын ОУСТ-ийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээрт нэгдэн орсон Армян, Азербайжан, Афганистан, Бутан, Казахстан, Киргиз, Лаос, Монгол, Непал, Нигер, Парагвай, Тажикистан, Этиоп Улсын төлөөлөгчид оролцож, 2019 оны санхүүгийн тайлан, хөдөлмөрийн дотоод журам, ирэх жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон санхүүжилт зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэр гаргасан байна.

Захирагчдын зөвлөлийн дарга, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин хурлыг нээж хэлсэн үгэндээ КОВИД-19 цар тахлын үед тулгарч буй сорилтыг даван туулах, цар тахлын нөлөөллийг багасгах чиглэлээр хамтран ажиллах хүрээнд далайд гарцгүй орнууд ОУСТ-ийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжих шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн байна.

ОУСТ-ийг Улаанбаатар хотноо байгуулах тухай олон талт хэлэлцээрийн төслийг НҮБ-тай хамтран боловсруулж, ДГХБО-ын Гадаад хэргийн сайд нарын хурлаар 2010 оны 9 дүгээр сард баталсан. Олон талт хэлэлцээрийг далайд гарцгүй орнуудаар соёрхон батлуулах, төвийг байгуулах, үйл ажиллагааг эхлүүлэх чиглэлээр манай улс идэвхтэй ажилласан бөгөөд хэлэлцээр 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Өнөөдрийн байдлаар Афганистан, Армян, Азербайжан, Балба, Буркина Фасо, Бутан, Казахстан, Киргиз, Лаос, Монгол, Нигер, Парагвай, Тажикистан, Этиоп зэрэг 14 улс хэлэлцээрийг соёрхон батлаад байна.

Түүнчлэн 2018 оны 11 дүгээр сард ОУСТ нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ажиглагчийн статустай болсон бөгөөд ингэснээр НҮБ болон түүний системийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудад илүү хүрч, шаардлагатай мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэж, үр дүнтэй ажиллах боломжтой болсон билээ.

ГХЯ

Орчуулах »
error: Content is protected !!