МАХ 47, ГУРИЛ 174, БУДАА 61, ТӨМС 322 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ

Коронавирус цар тахалтай холбоотойгоор Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хүлэмжийн ногоо, өндөг, хүнсний хангамжаар сэтгүүлчдийн асуултад хариулж гол нэрийн 8 бүтээгдэхүүний нөөцийг танилцуулав.

Тухайлбал, махны нөөц улсын хэмжээнд 47 хоног, гурил болон гурилан бүтээгдэхүүн 174, бүх төрлийн будаа 61, хуурай сүү 23, төмс 322, хүнсний ногоо 64, элсэн чихэр 53, давс 43, өндөг 1 хоногийн нөөцтэй байгаа юм байна.

Түүнчлэн хүлэмжийн ногооны импорттой холбоотойгоор ХХААХҮЯ болон Гадаад харилцааны яамнаас Ажлын хэсэг байгуулагдан Зам-Үүдэд ажиллаад ирсэн бөгөөд нарийн ногооны импортын зарим асуудлыг харилцан тохиролцсоноор нарийн ногооны нийлүүлэлт тогтворжиж байгаа аж.

Харин өндөгний нийлүүлэлтийн тухайд “Дотоодын өндөг үйлдвэрлэгч компаниудын нийлүүлэлт өмнөх үетэйгээ адил тоо хэмжээгээр зах зээлд нийлүүлэгдэж байгаа. Баяр ёслол дөхсөнтэй холбоотойгоор иргэдийн хэрэглээ нэмэгдсэн. Дээр нь Алтанбулаг боомт ажиллахгүй байгаагаас Оросоос нийлүүлдэг өндөгний тээвэрлэлтийг төмөр зам руу шилжүүлсэн. Өнөөдөр гэхэд хойд хөршөөс 4 вагон өндөг орж ирж байгаа” гэх мэдээллийг салбарын сайд З.Мэндсайхан өглөө.

Орчуулах »
error: Content is protected !!