Дэлхий нийтийг хамарч, сая сая хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж байгаа коронавирусний цар тахлын хүнд сорилтын үед хорио цээрийн дэглэмийг сахин АН-ын Х их хурлыг анх удаа цахимаар зохион байгуулж, амжилттай өндөрлөлөө. 21 аймаг, 9 дүүрэг, сум суурингуудаас 2000 гаруй төлөөлөгч оролцож, намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг нухацтай хэлэлцэж баталсан байна. Мөн энэхүү их хурлаас АН-ын гишүүд, дэмжигчид, нийт монголчууддаа хандан дараах УРИАЛГЫГ гаргажээ.
Нэгдүгээрт, Ковид-19 цар тахлын халдварыг хумих хөл хорионы үеэр өндөр ачаалалтай ажиллаж байгаа төрийн албан хаагчид, ялангуяа эмч, сувилагч,, эрүүл мэндийн ажилчид, онцгой байдлын албан хаагчид, цагдаа, тагнуул, хил хамгаалахын ажилтан албан хаагчиддаа Х их хурлын төлөөлөгчид, нийт гишүүд, дэмжигчдийнхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Хүнд хэцүү цаг үед үүрэг гүйцэтгэж байгаа эдгээр эгэл баатруудын эрүүл мэндийг хамгаалах, сэтгэл зүй, амьдралын баталгааг нь дэмжсэн төрийн бодлого, шийдвэрийг цаг алдалгүй гаргахын хамт, эргэж буцсан, хөнгөн гоомой шийдвэр гаргаж буй алдаа завхарлаа засаж, залруулж ажиллахыг эрх баригчдад уриалж байна.
Хоёрдугаарт, Коронавирусний халдвартай тэмцэх ажлыг шинжлэх ухааны үндэстэй удирдан зохион байгуулж төсөв хөрөнгийг үр ашигтай зарцуулахын оронд үнэмлэхүй олонхдоо бардамнан улсын төсөв, олон улсын байгууллагуудын зээл, тусламж, иргэдийн хандивыг улс төрийн ашиг хонжоо олох зорилгоор үр ашиггүй зарцуулж байгаа явуургүй үйлдлээ зогсоож, ард иргэдээ ядуурлаас хамгаалах, аж ахуйн нэгж байгууллага, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, коронавирусний вакциныг худалдан авах хөрөнгийг хангалттай төлөвлөж хэрэгжүүлэхийг МАН-ын эрх баригчдад уриалж байна.
Гуравдугаарт, Хөл хориог далимдуулан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хийгдэж буй эрх зүйн шинэчлэл нэрээр шүүх засаглалыг улс төрийн эрхшээлд оруулах, хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хааж боомилох, эрүүгийн хуулиар яллаж, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхэд халдах гэсэн увайгүй санаархлаа зогсоохыг парламент дахь үнэмлэхүй олонхын бүлгийн гишүүдэд уриалж байна.
Дөрөвдүгээрт, дэлхий нийтээр хөл хорионд орсонтой холбогдуулан Монголын эдийн засгийн бүхий л үзүүлэлт уруудаж, Монгол Улс маань Ази тивдээ эдийн засгийн хамгийн гүнзгий уналттай орон болж бүртгэгдлээ. Иргэдийн өр, зээлийн хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа ч харамсалтай нь эрх баригчид ажиллаж хөдөлмөрлөдөг иргэдээ дэмжих төрийн болон улс төрийн ямар ч бодлого шийдвэр, шийдэл гаргасангүй. Ялангуяа, цар тахлын дараах их хэмжээний өрөөр хэмжигдсэн эдийн засгийн хүлээлтүүд зүй ёсны бөгөөд маш тодорхой шийдэл хүлээсэн хэвээр байна. Нийгмийн даатгалын хуримтлагдсан өр, хугацаа хэтэрсэн зээл, ипотекийн зээлийн хойшлуулсан төлөлтүүд, бизнесийн уналт зэрэг нь нэг л өдөр эдийн засгийг бүхэлд нь хамарсан том асуудал болон гарч ирэх нь тодорхой. Тийм учраас татвар, хяналт шалгалтын дарамтаас бизнес эрхлэгчдийг гаргаж, бичил болон жижиг бизнес эрхлэгчдийг дэмжсэн тогтвортой, урт хугацааны бодлогыг УИХ нэн яаралтай батлах, бодлогын төвд хуримтлагдсан их өр зээлийг шийдэх гарц, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх тодорхой шийдлүүдийг гарган, халамжийн буюу бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлсэн бодлогодоо цэг тавьж, ажиллахыг эрх баригчдад уриалж байна.
Тавдугаарт, Нэг хүн олон газарт очиж, санал өгч болдог бүртгэлийн тогтолцооны гажгаас болж, иргэдийн төрийн сонгуульд итгэх итгэл туйлдаа хүртлээ алдарч байна. Тиймээс олон нийтийн итгэлийг сэргээх, ардчилсан тогтолцооны суурь зарчим хэрэгжиж байгааг нотлон харуулах бодит алхам хийх хэрэгтэй. Ингэхийн тулд Улсын бүртгэлийн ерөнхий газарт блокчэйн технологи буюу нэг хүний бүртгэлийн системийг 2021 оны гуравдугаар сар гэхэд нэвтрүүлж дуусгахыг УИХ, Засгийн газраас шаардаж байна.
Зургадугаарт, Өнөөгийн улс төрийн намуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа нь монгол улсын хөгжлийг хойш татаж байгаа нэг шалтгаан болж байна гэж Ардчилсан нам үзэж байна. Тиймээс бид намуудыг шинэчлэх, орчин үеийн шаардлагад нийцүүлэх үйл ажиллагааг эхлүүлэн ажиллахаа мэдэгдэж байна.
Долоодугаарт, Монгол улсын үндсэн хууль, бусад хууль тогтоомж, төрийн бодлого, намынхаа дүрэм, үзэл баримтлалын хүрээнд гишүүдээ өмгөөлөн хамгаалах ёстой хэмээн бид үзэж байна.
Ардчилсан намын X их хурлын эрхэм төлөөлөгчид өө
Ардчилсан хувьсгалын түүчээ болсон АН сүүлийн хоёр удаагийн УИХ-ын болон орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээснээр гишүүд дэмжигчдийн намд итгэх итгэл үнэмшил сэвтэж, ардчиллын амин эрдэнэ болсон хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийн дархлаа суларч, нэг намын дарангуйлал тогтох үндэс суурь бүрдэж байгаа нь ардчилалд хайртай монгол хүн бүхний сэтгэлийг эмзэглүүлэх боллоо.
Ийм хариуцлагатай цаг үед Ардчилсан намын гишүүд, лидерүүдийн зөрчил, маргаан, фракц, бүлэглэлийн хуваагдлыг бүрмөсөн арилгаж, 90-ээд оны хувьсгалч сэтгэлгээнээсээ салж, 21-р зууны монголчуудын эрх, эрх чөлөө, чөлөөт эдийн засаг, шударга ёсны талд зогсон, шинэ сэтгэлгээ, ойлголцлоор нэгдэн нягтарч, мянга мянган гишүүд, дэмжигчид, ардчиллын эгэл баатруудынхаа итгэл сэтгэлийн галыг асааж, өнөөдрийг хүртэл бидний дунд бугшсан зөрчил, учир шалтгаан бүхнийг монголчуудынхаа эрх ашгийн төлөө таягдан хаяж, ирээдүйн төлөө хамтдаа алхъя, гарц гаргалгаа, шийдлээ олцгооё гэж Ардчилсан намын ахмад, дунд, залуу үеийнхэндээ уриалж байна.
АРДЧИЛСАН НАМЫН Х ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД
2020 оны 12 дугаар сарын 19